Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны долдугаар сарын 15-ны өдөр “Хажуу айлаас өмхий үнэртээд хаалгыг нь тогшихоор тайлахгүй байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу үзлэг хийхэд нас барсан эрэгтэй хүний цогцос муудсан байдалтай олджээ. Энэ талаар ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна. 

Амь хохирогч 1980 онд төрсөн. Тухайн үед ганцаараа амьдардаг байжээ. Ар гэрийнхэнтэйгээ хамгийн сүүлд долдугаар сарын 9-ний өдөр “Зуслан одоо цуг явж амжихгүй. Араас нь очъё” хэмээн ярьсан байдаг. Ингээд холбоогүй байсаар харамсалтай мэдээг дуулсан байна. 

Энэ талаар ар гэрийнхэн нь ярилцлага өгөхөөр бидэнд хандлаа. 

-2023 оны долдугаар сарын 15-ны өдөр юу болсон юм бэ? 

-2023 оны долдугаар сарын 15-нд БЗД-ийн цагдаагийн хэлтсээс амь хохирогчийн тухай мэдээлэл өгч, бид очсон. Биднийг очиход цагдаагийнхан үзлэг хийж байна гээд оруулаагүй. Үзлэг хийсний дараа цогцсыг авч явсан. Тэгээд хэргийн газрыг цэвэрлэ гэсэн. Дотогш оронгуут хүн амины хэрэг гэдэг нь илэрхий харагдсан. Яагаад гэхээр шалаар дүүрэн зузаан хатсан цустай, хажууд нь байсан сандлын тавцан, орой хэсэг нь тэр чигтээ цус болчихсон. Цуурсан хэсэгт нь уртаас урт үс тогтсон байсан. Энэ бол хүн амины хэрэг гэдэг нь илэрхий гэдэг дүр зураг харагдсан. 

-Тухайн үед харилцан зодоон үүссэн ч юм уу, хүмүүс хоорондоо ноцолдож зодолдсон эсэх зүйл ажиглагдсан уу? 

-Би бодохдоо үүнийг ганц эмэгтэй хүн үйлдээгүй гэж боддог. Манай талийгаач том биетэй хүн байсан. Энэ эмэгтэйтэй хамтарсан 1-2 эрэгтэй хүн байсан гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар эхний удаад толгой руу нь олон удаа цохьсон. Тэгээд ухаан алдуулсан байх. Гурван газарт томоохон шарх авсан. Гуяны хэсгээс маш их цус гарсан. Тэгэхээр магадгүй гуяыг нь хутгалсан. Их хэмжээний цус алдсан. Сандлын орой хэсэгт урт үс наалдчихсан. Сандлаар цохих үйлдэл хийхэд нь өөдөөс нь тэмцэлдэх үед үснээс нь зулгааж биеэ хамгаалсан байх. Энэ үс нь бидний мэдүүлэг авч чадахгүй байгаа О гэгчийнх. Өөрөө ч энэ миний үс мөн гэдгээ хэлсэн. 

-Тэр гэрч одоо яг хаана байгаа вэ? 

-Тэр гэрч хэрэг гарсны дараа буюу 2023 оны наймдугаар сарын 30-нд хил даваад зугтсан. Ямар хүн зугтах билээ. Гэмт хэрэг хийсэн хүн л хил давж зугтана. Ингээд жил гаруй гадаадад байж байгаад 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр ээжийн бие муудсан гэсэн шалтгаанаар эргэж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл 13 сарын дараа монголд ирсэн. Монголд ирээд дөрвөн сар боллоо. Гэвч цагдаагийн мөрдөгчид одоог хүртэл ганц ч удаа дуудаж мэдүүлэг авалгүй байсаар байна. 

-Хэрэг гарсан байрны эргэн тойронд тэр чигтээ камертай байсан. Тухайн өдрийн камерын бичлэг нотлох баримтаар хураагдсан уу?

-Хэрэг гарсан байрны хаалган дээр камертай. Түүнд тэр өдөр орж гарсан бүх хүний дүрс бичигдэж үлдсэн. Тэр камерыг шалгасан мөрдөгчид камерт бичигдсэн хүмүүсийг харсан. Гэтэл тэрхүү бүх бичлэгийг устгаад, камерын үзлэгийн тэмдэглэлээ хуурамчаар үйлдээд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг хуурамчаар хийгээд, гадагшаа гараад зугтчихсан. Өөрөөр хэлбэл 2023 оны арванхоёрдугаар сард зугтаад, монголд ирээгүй. Гадагшаа зугтаад 13 сар болж байна. Энэ хүн камерын бичлэг бүх нотлох баримтыг устгачхаад байхад Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид энэ хүнээс ганц ч мэдүүлэг аваагүй. Таван сарын хугацаанд ганц ч мэдүүлэг авахгүй байсаар гадаад руу зугтаалгасан. 

-Одоо хэрэг мөрдөлт ямар шатандаа явна. Хэрэг гараад 18 сар өнгөрчээ. Ахиц дэвшил гарсан зүйл бий юу? 

-Хэргийн гол гэрч хэдхэн хүн бий. Нэг нь эрүүгийн мөрдөгч, камер шалгасан хүн. Тэр хүн алуурчдыг харсан. Нөгөө нь үс нь сандлын оройд наалдсан тэр эмэгтэй. Гэтэл тэр хоёр хүнээс нэг ч мэдүүлэг аваагүй. Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар 16 сар энэ хэргийг мөрдөж байна. Энэ хугацаанд ямар ч ахиц дэвшил гарсангүй. Тийм учраас бид маш их гомдолтой, цөхөрч, аргаа барж, итгэл алдарч өнөөдөр танай сайтад хандаж байгаа нь энэ. 

-Хамгийн анх хажуу айл буюу хөрш нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байдаг шүү дээ. Тухайн хүнээс мэдүүлэг авсан зүйл байдаг уу? 

-Тухайн хүнээс хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгчтэй хамт байлцуулж мэдүүлэг авч өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Прокурор үүнийг зөвшөөрсөн. Гэтэл 11 сар энэ хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөгч ганц ч удаа мэдүүлэг аваагүй. Энэ мөрдөгч ажлаа хийхгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21, 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн гомдол гаргаж 5 сар хөөцөлдсөн. Одоог хүртэл энэ хүнийг сольж чадахгүй л явна. 

-Тухайн үед амь хохирогчид задлан шинжилгээ хийсэн үү. Задлан шинжилгээний дүгнэлт юу гэж гарсан байдаг вэ? 

-Шүүх эмнэлгийн дүгнэлтээр ар дагз баруун чамархайд мохоо зүйлээр олон удаа цохих үйлдлээр цус хуралт үүссэн. Энэ бол гадны нөлөөтэй байна гэсэн үг. Тийм ч учраас толгойн хэсгээс их хэмжээний цус алдсан. 

-Хэргийн газрыг цэвэрлэж байх үед амь хохирогчийг гадны нөлөөтэй хороосон байж болзошгүй сэжигтэй зүйл өөр анзаарагдсан уу? 

-Амь хохирогчийн бүх доод хувцсыг нүцгэлж аваад угаалгын машинд нь хийгээд угаачихсан байсан. Ганц футболктой олдсон гэдэг. Тэр футболкноос ганц шинжилгээ авалгүй бас устгасан. 

-Тэгэхээр тэр футболконд хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийн баримт нотолгоо үлдсэн байсан гэж бодож байна уу? 

-Байсан гэж бодож байна. Тухайн үед мөрдөгч хэлэхдээ футболк нь цусаар маш их бохирлогдсон учраас устгачихсан гэдэг хариултыг өгсөн. 

-Ямар ч шинжилгээ хийгээгүй юу? 

-Хийгээгүй. 

-Хэрэг мөрдөлт 18 сар үргэлжилж байгаа ч ямар ахиц дэвшил гараагүй. Тэгтэл сандлын орой дээр байсан үсний эзнийг та бүхэн сэжиглэж байгаа. Хэрвээ тухайн эмэгтэй амь хохирогчийн аминд хүрсэн бол ямар сэдлээр үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байна вэ? 

-Сандал дээр наалдсан үсийг 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр дахин үзлэг хийхэд нь хэлж байгаад авхуулсан. Дээж болгон авхуулсан гэсэн үг. Гэтэл энэ дээж болгон авсан үс өнөөдөр хавтас хэрэгт байна уу, үгүй юу. Шинжилгээ хийж өгөөч гэж хэд хэдэн удаа хүсэлт тавьсан ч өнөөдрийг хүртэл хийхгүй л байгаа. Тухайн эмэгтэй шуналын сэдлээр талийгаачийн аминд хүрсэн гэж бодож байна. О гэгч эмэгтэй талийгаачаас ахын бие муу гэдэг нэрийдлээр их хэмжээний мөнгө авсан. Цаашдаа ч мөнгө байх магадлалтай гэж үзэн шуналын сэдлээр аллага үйлдсэн байх магадлалтай гэж бид үзэж байгаа. Хэрэг үйлдэгдээд 18 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд их зүйлийг ч олж мэдлээ. Энэ хугацаанд ЦЕГ-ын 12 мөрдөгч ажиллаад байна шүү дээ. Энэхүү 12 мөрдөгч бүгд нэг санаа зорилготойгоор хэргийг илрүүлдэггүй. Нуун далдалж байна гэж бид хардаж байгаа. Ингэж үзэх ч үндэслэл бий. Тийм болохоор бид итгэл алдарч байна. Үнэхээр хэцүү, цөхөрч байна. 

Хэрэг үйлдэгдсэн газрын эргэн тойрон бүх газар камержсан. Хэргийг үйлдсэн байж болох этгээдүүд баруун, зүүн аль ч зүгт гарсан дор хаяж таван камерт өртөнө. Зөвхөн орц нь дөрвөн камертай. Хэрэг үйлдсэн байрны яг хаалган дээрээ ч камертай. 

Прокурорын ерөнхий газраас хэргийн талаар тодруулахад БЗД-ийн прокурор хэргийг хянан шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэсэн хариуг өгөв. 

Амь хохирогчийн ар гэрийнхэн хэрэг мөрдөлт удааширсан, хэргийг мөрдөж байгаа мөрдөгчид нотлох баримт устгасан, нотлох баримтад шинжилгээ хийлгүй устгасан гэх зэргээр мөрдөгчдийг сольж өгөх гомдлыг Авлигатай тэмцэх газарт гаргасан. Энэ талаар АТГ-аас тодруулахад ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс хэргийг шалгаж байна гэв. 

Ар гэрийнхэн 18 сарын хугацаанд хэргийн мөрдөлтөд ахиц гарахгүй байгаад холбогдох хууль хүчний байгууллага болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЦЕГ, УПЕГ, Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын орлогч, Нийслэлийн прокурор, ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гээд бүхий л газруудад одоогоор 100 гаруй гомдол гаргаад байна. Гэсэн ч хэргийн мөрдөлт удаашралттай хэвээр байгаа юм. 

Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно. 

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа