Цаг үеийн мэдээ

2020 оны 8 дугаар сард Эрүүл мэндийн хуулиудад өөрчлөлт орсон билээ. Уг өөрчлөлтийн зүйл заалтууд 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021оны 1 дүгээр сарын 21 өдрийн 03 дугаар тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам батлагдаж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна.

Дээрх тогтоол хэрэгжиж эхэлсэнээр эрүүл мэндийн салбарт хэд хэдэн шинэчлэл эхэлж буй бөгөөд иргэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй авах боломж нээгдэж байна. Тухайлбал өндөр өртөгтэй хагалгааны зардлыг иргэнээс гаргуулах бус Эрүүл мэндийн даатгалын сангаас шийддэг болж байна. 2021 оны 3 дугаар сарын нэгний өдрөөс өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг тогтолцоо хэрэгжиж эхэллээ.

Өнөөдөр Сонгдо эмнэлэгт 4,5 сартай нярайн зүрхний цоорхой нөхөх хагалгаа хийгдлээ. Уг хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж буй бөгөөд Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт журамын хэрэгжилтийн үр дүн юм. Ийнхүү иргэд өндөр өртөгтэй хагалгаанд зардалгүйн улмаас амь насаа эрсдэлд оруулан хойшлуулдаг байсан бол эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж байна.

Хорт хавдар, харвалт, шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай эрүүл мэндийн  үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм.

Энэ үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд "2021 оны хувьд эрүүл мэндийн салбар илүү хариуцлагатай байх, дэвшилт, амжилттай хэрэгжих ажлуудын эхлэлийг тавих ёстой жил юм. Өнгөрсөн оны 8 дугаар сард Эрүүл мэндийн багц хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон. Тухайн нэмэлт өөрчлөлт орсноороо Эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэлийг бий болгох, стратегийн худалдан авалтыг шинэчилж, бий болгоход эрх зүйн орчин бүрдсэн. Төрийн өмчит эмнэлгүүдийг хагас бие даасан байдалд шилжүүлэх гэх томоохон ажил биднийг хүлээж байна. Өмнөх онд эмийн хөнгөлөлттэй холбоотой ажил амжилттай явагдсан. Хорт хавдар, харвалт, шигдээс, төрөлхийн гажиг, түлэгдэлт зэрэгт үзүүлэх эмчилгээний төлбөр ард иргэдэд дарамт байхаа болилоо. "Зүрх мартахгүй" бол маш том төсөл. Үүний ачаар маш олон хүмүүс амьдралаа шинээр эхэлж чадсан. Та бүхэнд маш их баярлалаа. Цаашид хамтарч ажиллах болно" гэлээ. 

Манай улсад анх удаа ЭМД-аас зүрхний өвчтэй хүүхдийн хагалгааг 100 хувь хөнгөлөхөөр болсон бөгөөд анхны хагалгаа амжилттай боллоо. Өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг боллоо

УИХ-ын гишүүн, гавьяат эмч Ж.Чинбүрэн "Улсын, хувийн эмнэлэг гэж ялгалгүй Монгол хүнд тусламж үзүүлж байгаа бол үзүүлснийхээ төлөө санхүүжилтыг баярлалаа гэж хэлээд өгдөг даатгалын систем, сантай болж байна.

Төр даах, туслах үйлчилгээгээ бодитоор дааж чадаж байна. 2021 оны төсвийг батлахдаа УИХ даатгалаас төр даах тусламжтай холбоотойгоор нэг их наядыг төсөвлөсөн. Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор эдийн засаг уналтанд орсон хэдий ч бид бүгд цаашид хамтран ажиллаж хүнд хэцүүг даван туулах цаг ойрхон байна. Б.Болдсайхан эмчийн хийж бүтээсэн, бүтээж байгаа, ирээдүйд бүтээх бүх зүйлд нь маш их талархаж байна" гэлээ.

Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан нь 2020 оны 5 сараас Зүрх мартахгүй төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр 99 дэхь хүүхдэд зүрхний хагалгааг хийж хагалгаа амжилтай боллоо.

"Зүрх мартахгүй" төсийн багт талархал илэрхийлж Эрүүл мэндийн сайд С.Энхболд батламж гардуулан өглөө.

 

Таны сурталчилгаа