Гөрөөсний цусанд маш АЮУЛТАЙ 10 төрлийн ШИМЭГЧ ХОРХОЙ байдаг.
Хүмүүсийн дунд “Гөрөөсний халуун цус уух нь зүрхийг анагаадаг” гэсэн ам дамжсан яриа байдаг. Энэ талаар УГТЭ-ийн эмч Зүрхний эмгэг судлалын тасгийн ахлах эмч, АУ-ны доктор Ц.Саруултай ярилцлаа.
Гөрөөсний цус үнэхээр зүрхийг анагаадаг уу?
-Үгүй. Энэ бол туйлын худал зүйл.
Гөрөөсний халуун цус уувал ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Гөрөөсөнд маш аюултай 10 гаруй төрлийн шимэгч хорхой бий. Элэгний бэтэг, уушгины, тархины, артерийн судасны, гэдэсний, булчингийн туузан хорхой болон саркоцист, хамрын хорхой, ходоодны том туузан хорхой зэрэг шимэгчтэй.
Мөн хламид, кампилобактер, салмонелез зэрэг маш ноцтой өвчин үүсгэгч нянг цусандаа агуулдаг учраас гөрөөсний цус, махыг түүхийгээр эсвэл дутуу болгож хэрэглэвэл хүний биеийг анагаах бус өвчлүүлнэ.
Гөрөөсний цус уугаад өвчнөө хүндрүүлсэн тохиолдол байдаг уу?
-Байгаа. 50 орчим насны зүрх нь өвддөг эрэгтэй, найз нарынхаа зөвлөснөөр гөрөөсний халуун цус ууж байхдаа ухаан алдаж унасан. Хажууд нь олон хүн байсан болохоор гар, хөлийг нь барьж, цээжин дээр нь дарж ухаан оруулсан. Ухаан ороод эмнэлэгт яаралтай хандахад зүрхний титэм судас огцом агшсанаар титэм судасны агшилтат зүрхний шигдээс болж, зүүн ховдол дотор том бүлэн үүссэн байсан.
Тэгвэл зүрхний өвчнийг анагаах хамгийн найдвартай арга юу вэ?
-Эмчийн заавраар өвчиндөө тохирох эмийн эмчилгээ хийлгэх юм.
Жирэмсэн эмэгтэйчүүд үүнийг хэрэглэсэн тохиолдолд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Жирэмсэн эмэгтэйчүүд гадны халдварт мэдрэг байдаг тул зоонозын шалтгаант халдварт өвчин үүсгэх эрсдэлтэй учраас зэрлэг мал, амьтны мах хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба