Хавдар судлалын үндэсний төвөөс Ковид 19-ийн вакцинтай холбоотой иргэдийн асуултад хариулж байна.
Хорт хавдартай хүмүүс коронавирусийн вакцин хийлгэж болох уу?
Болно. Хорт хавдартай хүмүүсийн дархлалын тогтолцоо сул байдгаас аливаа халдварт өвчинд өртөх эрсдэл илүү өндөр төдийгүй өртсөн тохиолдолд тухайн өвчин хүнд явцтай байж олон ноцтой хүндрэлүүд үүсдэг байна. Тиймээс хорт хавдартай хэдий ч Ковид 19-ийн эсрэг вакцинд аль болох эрт хамрагдснаар та өөрийн эрүүл мэндийг нэмэлт хүндрэл эрсдлүүдээс хамгаална.
Ямар вакцин хийлгэх тохиромжтой вэ?
Үүнийг өвчтөн өөрөө сонгох боломжгүй юм. Та вакцин хийх эмчдээ өөрийн өвчин, эрүүл мэндийн байдлын талаар үнэн зөв мэдээлллийг өгч, зохих үзлэгийг хийн зөвлөгөө авсны дараа шийдвэрээ гаргаарай.
Ковид 19-ийн вакцин хийлгэх нь хорт хавдрын явцад муугаар нөлөөх үү?
Вакцин нь тодорхой нэг халдварт өвчний үүсгэгчийн эсрэг хүний биед өөрийгөө хамгаалах өвөрмөц дархлаа үүсгэх зорилгоор бүтээгддэг тул тухайн хүний дархлалын чадамж илүү сайжирдаг. Энэ утгаараа хорт хавдрын улмаас дархлаа дарангуйлагдсан хүмүүсийн дархлааг дэмждэг тул вакцин хийлгэх нь илүү сайн үр нөлөөтэй байх болно.
Хорт хавдраар өвдөөд эдгэрсэн хүмүүс уг вакциныг хийлгэх шаардлагатай юу?
Өвдөөд эдгэрсэн хүмүүсийн дархлааны түвшин хэвийн байдалдаа очсон байдаг хэдий ч нийт хүн амыг хамарсан урьдчилан сэргийлэх дархлаажуулалтаас хоцорч болохгүй. Танай орон нутагт вакцин хийгдэх хуваарийн дагуу очоод дархлаажуулалтдаа хамрагдаарай.
Коронавирусний эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?
Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэвч энэ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй. Учир нь та ковид 19-ийн халдвар авах, халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалагдана.
Ковид 19-ийн вакцинаас өвчин авах уу?
Үгүй. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул халдвар авах эрсдэл байхгүй.
Вакцин хийлгээд дархлаа тогтож амжаагүй байхад халдвар авч болох уу?
Мэргэжилтнүүд вакцины 2 тунг хийлгэснээс хойш дунджаар 14 хоногийн дараагаас дархлаа тогтоно гэж үзэж байна. Тиймээс вакцин хийлгэхийн өмнөхөн эсвэл дөнгөж хийлгэсний дараа дархлаа тогтох хүртэлх хугацаанд вирусийн халдвар авах боломжтой тул та амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих дэглэмүүдээ үргэлжлүүлэнэ мөрдөх хэрэгтэй.
Эх сурвалж : Хавдар судлалын үндэсний төв