“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр үйлчлүүлж буй мянга, мянган хүний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээдэг зүйлсийн нэг бол гартаа эрхи барьсан эмээгийн хөшөө. Хальтхан харахад эрхи барьсан хөөрхөн эмээ нарлаад сууж байна уу даа гэж андуурагдахаар энэ хөшөөг харсан хүмүүс “Ээж шиг минь харагдлаа, эмээтэйгээ уулзсан мэт мэдрэмж төрж байна” гэх мэтээр өөрийн эрхгүй дуу алдацгаах нь цөөнгүй.
Тэгвэл нар салхинд гандаж өнгөө алдаад байсан эмээгийн хөшөө өнгөө заслаа. Засал чимэглэл хийх сонирхолтой хөдөлмөрч бүсгүй Х.Тунгалаг өөрийн санаачилгаар хүүхдүүдийн хамт тус хөшөөний өнгийг сэргээхээр шийдэн, хагарсан хэсгийг нь нөхөж, өнгө будгийг нь нэмлээ. "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн байнгын үйлчлүүлэгч, сайхан сэтгэлтэй, санаачлагатай бүсгүй Х.Тунгалаг хэлэхдээ, “Өчигдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр зугаалж яваад эмээгийн хөшөөний будаг нь гандаад зарим хэсэг нь хагарчихсан байхыг хараад, хайртай хөшөөнийхөө өнгө будгийг сэргээхийг маш ихээр хүссэн. Орой харих замдаа барилгын дэлгүүрээр дайрч шаардлагатай материалаа цуглуулаад, өглөө эрт яаран ирж будаж янзалж байна. Надаас түрүүлээд өөр хүн ирээд янзалчих вий дээ гээд бодсон чинь шөнө нойр ч хүрсэнгүй. Тэгэхээр нь цаг алдахгүйн тулд ажлаасаа чөлөө авч байгаад гүйгээд ирлээ” хэмээн ярьсан юм.
Мөн тэрээр “эмээгийн хөшөөний өнгийг сэргээн засварлахад ердөө 40-50 мянган төгрөг л орсон. Энэ нь яг үнэндээ өнөөгийн нийгэмд нэг тор хүнс ч дүүргэхгүй мөнгө шүү дээ. Залуустаа захиж хэлэхэд аливаа зүйлд сэтгэл байхад л хангалттай. Жаахан зүйлээр ч олон сайхан зүйлсийг бүтээж болдог. Бидний л амьдарч байгаа газар нутаг учраас хүрээлэн буй орчноо хайрлаж, хог хаягдалгүй, эрүүл, цэвэр орчинд амьдарцгаая гэж захимаар байна” гэдгийг чин сэтгэлээсээ хэлсэн юм.
Хөшөө дурсгалаар дамжуулан урлаг, уран сайхныг мэдрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шилдэг 10 бүтээлийн нэг болох эрхи барьсан эмээгийн хөшөөг анх 2014 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн -д байршуулж байсан. Дараа нь 2018 онд О.Туяацэцэгийн санаачилгаар хэсэг иргэд будаж засварлаж байсан бол энэ удаа ийнхүү сайхан сэтгэлт Х.Тунгалаг бүсгүй өнгийг нь дахин сэргээлээ.
Хүүхэд залуустаа түүхийн дурсгалт зүйлээ хайрлан хамгаалах, арчлан тордох ач холбогдлыг ойлгуулж, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал болж байгаад
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үйлчлүүлэгч бүрийн өмнөөс талархал илэрхийлье.