Зуны 16 дахь удаагийн Паралимпын наадмын нээлт өнөөдөр 19:00 цагаас Токио хотын "Олимпын цэнгэлдэх хүрээлэн"-д эхэлнэ.
Паралимпын наадам өнөөдөр нээлтээ хийснээр эхэлж 9-р сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилж Дэлхийн 162 орны 4500 орчим тамирчид 22 спортын 539 төрөлд хүч чадал, авхаалж самбаагаа сорино.
"Токио 2020" Зуны Паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 6 төрөлд 11 тамирчин оролцох эрх авсан.
Харин манай улсад энэхүү наадмын нээлт болон тэмцээнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз болон хувийн хэвшлийн нэг ч телевиз шууд дамжуулахгүй нь харамсалтай!
Паралимп нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд болдог хүн төрөлхтний хамгийн том наадам, ба дэлхийн нийтэд тухайн иргэдийг өрсөлдөх, хөгжүүлэх, бусадтай ижил түвшинд байх ялгаварлах зүйл үгүй гэдгийг харуулсан том эв нэгдлийн наадам юм.
Дэлхийн улс орнууд паралимпын наадамд анхаарлаа ихэд хандуулж, улс орнуудын телевиз хэвлэл мэдээллийн багууд олимпын наадмын адил шууд дамжуулж, сурвалжилдаг. Харин манай улсын хувьд эдгээр иргэдээ ялгаварлан гадуурхсан үйлдлийг гаргаж байгааг харахад харамсалтай байна.
Япон улсруу паралимпын наадмыг сурвалжилхаар явсан сурвалжлах багийн гишүүдэд бичлэг хийх, фото зураг авах зэрэг эрхийг аваагүйн улмаас фото болон видео мэдээлэл бэлтгэн хүргэх боломжгүй бололтой.
Ингээд бичлэг ч үгүй фото зураг ч үгүй болсон багийн бүрэлдэхүүн хэрхэх нь тодорхойгүй байна.
МҮОНРТ, МОНЦАМЭ агентлагын сэтгүүлчдийн бичвэр мэдээ, мэдээллээр энэ паралимпыг өндөрлүүлэх тодорхой болж байна.