Өнөөдөр Токиогийн Паралимпын сүүлчийн өдөр. Өнөөдөр бадминтон, суугаа волейбол, марафон зэрэг төрлийн тэмцээн болж дуусан, орой XVI Паралимпын хаалтын ёслол Токиогийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Пара спортын тэмцээн уралдаан нэг төрөл дотроо хэд хэдэн ангиллаар явагддаг. Жишээлбэл, марафон гэхэд харааны бэрхшээлтэй тамирчдын ангилал (эрэгтэй, эмэгтэй), тэргэнцэртэй марафон, биеийн дээд хэсгийн (жишээлбэл, гарын бэртэлт) бэрхшээлтэй тамирчдын марафон гэх мэтээр хэд хэдэн ангиллаар уралдаж байна. Сүүлийн хэдэн өдөр Токиод бороотой, өнөөдөр нэлээн сэрүүн байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад тийм амар биш байгаа бололтой. Зарим тамирчид зогсож байгаад тэжээл, ундаа ууж байгаа байдал харагдаж байна.
Монголын паралимпын баг тамирчид бүх хүчээ дайчлан оролцлоо. Энэ паралимп зохион байгуулалтын хувьд онцгой олимп болсон юм. Албаныхан, багш нар, тамирчдын хувьд Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бий болсон дүрэм журам, зохион байгуулагчдаас тавьж буй "хатуу" шаардлагыг биелүүлж ажиллалаа. Паралимпын алтан медалийн буухиаг 13 жилийн дараа үргэлжлүүлэн эх орон, ард түмэндээ итгэл, баяр хөөрийг авч ирсэн Э.Содномпилжээ, түүнийг ийм амжилтанд хүргэсэн Монголын паралимпын хорооны хамт олон, Токиогийн парлимпод амжилтай оролцсон бусад бүх тамирчдад, багш дасгалжуулагчдад чин сэтгэлийн халуун баяр хүргэе! Дараагийн паралимп тун ойрхон байна, ердөө гурван жилийн дараа шүү!
"Токио 2020" Паралимп наадмын албан ёсны сурвалжлагч, япон хэлний орчуулагч, судлаач, тайлбарлагч Д.Төмөрбаатар