Монголын боксын холбоо МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан. Хөөсөн учир нь архи согтууруулах ундаа хэрэглэж удаа дараа ёсзүйгүй үйлдэл гаргасан хэмээн мэдээлж байсан. Харин өчигдөр Э.Цэндбаатарын зодуулж буй бичлэг цацагдсан.
Энэхүү үйл явдлын дараа Сүлд спорт хорооны дарга, улсын аварга Н.Батсуурь МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөсөн тухайд байр сууриа өөрийн цахим хуудастаа ийн илэрхийлжээ.
Тэрээр: "Сүлд спорт хорооны тамирчин Э.Цэндбаатарыг миний бие дуудаж уулзсан. Тэр бичлэгийг ч дуустал нь үзсэн. Хоёроос гурван удаа ухаан алдтал нь цохиж, боож унагаасан байна лээ. Хүн алахаа шахаж. Үнэхээр монгол хүмүүс нэгнээ хайрлах сэтгэлгүйгээр зодсон байсан. Түүнд ганц буруу байгаа. Тэр орой архи уусан нь буруу. Уугаагүй бол хэзээ ч тийм орчинд ухаан алдатлаа зодуулахгүй.
Э.Цэндбаатарыг дэлхийн аваргад явуулах хэрэгтэй. Тамирчны карерь цөөхөн жил үлдлээ. Боксын холбоо шийдвэрээ эргэж харна байх гэж найдаж байна" хэмээжээ.