Осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төслийн хүрээнд Канадын засгийн газар, ДЭМБ-ийн санхүүжилтээр эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний түвшинд шаардлагатай 84,9 мянган долларын үнэ бүхий эмнэлгийн зайлшгүй шаардлагатай багаж хэрэгслийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв-д хүлээлгэн өглөө.
Осол гэмтэл нь Монгол Улсын хүн амын өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нь нэн чухал тул осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг, ялангуяа эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын түвшинд бэхжүүлэх шаардлагатай юм.
2022 оны 4 дугаар сарын 11-ны өдөр ГССҮТ-д болсон тус багаж, хэрэгсэл гардуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катрин Э.Ивкофф, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Халдварт бус өвчин, Осол гэмтэл хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
Эмнэлгийн багаж хэрэгсэл, анхны тусламжийн багцыг Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Хөвсгөл гэсэн 6 аймгийн 120 сумдад гардуулан ажлын байрны сургалтыг явуулах ба ингэснээр осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээний материаллаг бааз бэхжих, чанар хүртээмж сайжрах боломжийг олгох юм.