БНХАУ-ын санхүү бизнесийн гол төвүүдийн нэг Шанхай хотод коронавирусийн халдварын тархалт огцом нэмэгдэж гуравдугаар сараас хойш хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн. Хөл хорио тогтоосноос хойш халдварын тархалт нэмэгдэж байгаа ч нас барсан тохиолдол хараахан гараагүй байсан юм. Тэгвэл сүүлчийн хөл хорионоос хойш өвчтөн нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ.
Шанхай хотын эрүүл мэндийн газраас коронавирусийн халдвар авсан 89-91 насны гурван иргэн нас барсан тухай мэдээлжээ. Эдгээр өндөр насны иргэд ковидын урьдчилан сэргийлэх вакцин тариулаагүй байсан бөгөөд хэд хэдэн өвчин хавсарчээ.
Шанхайн 27 сая иргэн хатуу чанга хөл хорионы дэглэмийг эсэргүүцэн, дургүйцлээ илэрхийлээд байгаа юм. Хөл хорионы улмаас хоол хүнсний хомстол үүсч, оршин суугчид олон нийтийн цахим сүлжээгээр бухимдлаа илэрхийлсэн нилээдгүй тохиолдол гарсан. Тус хотод коронавирусийн халдварын нийт 20,246 тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж: ВВС