Мьянмар улсад төрийн эргэлт гарч, цэргийн удирдагчид улс орныг удирдаж эхэлснээс хойш 13,000 орчим хүнийг баривчлан саатуулсаар байгаа юм. Тэгвэл цэргийн удирдагчид үндэсний уламжлалт шинэ жилийн баярыг угтаж 1,600 хоригдолд өршөөл үзүүлэн суллажээ. Суллагдсан хүмүүсийн дунд улс төрийн шалтгаанаар баригдсан хоригдлууд багтаагүй байна.
Улс төрийн шалтгаантай хоригдож байгаа хүмүүсийн тоонд Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чи, түүний эдийн засгийн зөвлөх Австралийн иргэн Шон Төрнэлл нар багтсан. Цэргийн удирдагчид өнгөрсөн жилийн хоёрдугаар сард төрийн эргэлт хийснээр Аун Сан Су Чигийн Засгийн газрыг огцруулсан юм.
Мьянмарын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж буй дэслэгч генерал Аун Лин Две шинэ жилийн баяраар ард иргэдэд баяр баясал төрүүлэхээр суллаж буй 1,619 хоригдол дунд гадны 42 иргэн байгаа хэмээн мэдэгджээ. Гадны иргэд суллагдсан даруйдаа Мьянмарыг орхих юм байна.
Өнгөрсөн жилийн үндэсний баяраар цэргийн эрх баригчид 23,000 хүнд өршөөл үзүүлж байсан бол энэ жил маш цөөн тооны хоригдлыг суллахаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Al Jazeera