АНУ-ын Кентакки мужийн иргэн компанийнхаа удирдлагыг шүүхэд өгч, 450,000 ам.доллар нөхөн төлбөрт авахаар болжээ. Кевин Берлинг гэгч эрэгтэйн 2019 оны төрсөн өдрөөр хамт ажилладаг хүмүүс нь гэнэтийн бэлэг барьсан боловч төрсөн өдрийн эзэн сэтгэл санааны цочролд орж, стресстэж, сэтгэл түгших эмгэгтэй болсон хэмээн шүүхэд гомдол гаргасан байна.
Берлинг өөрийн ажилладаг Грэвити Диагностикс компанийн менежерээс төрсөн өдрийг нь ажлын байран дээр тэмдэглэхгүй байхыг хүсжээ. Учир нь гэнэтийн бэлэг барих нь цочролд оруулж, хүүхэд насных нь таагүй мэдрэмжийг сэдрээж болзошгүй хэмээн сэрэмжилсэн байна.
Берлинг учраа хэлж хүсэлт тавьсан боловч компанийн ажилтнууд түүнийг төрсөн өдрийн үдэшлэгт авчирж, гэнэтийн бэлэг барьжээ. Тэр үдэшлэгээс тэр даруй зугтаж, үдийн хоолоо машин дотроо идсэн байна. Шүүхийн баримт бичигт тэмдэглэснээр төрсөн өдрийнх нь маргааш түүнийг хамтран ажиллагсдынхаа баяр хөөрийг хулгайлсан, жаахан охин шиг аашилсан хэмээн зэмлэжээ. Энэ нь түүнд хоёр дахь удаагийн сэтгэлзүйн хүнд цохилт болсон байна. Улмаар түүнийг ажлаас нь халжээ.
Хоёр хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа шүүгч Грэвити Диагностикс компани Берлингэд учруулсан сэтгэл санааны хохирлыг барагдуулахад 300,000 ам.доллар, ажлаас халагдсан хугацаанд олгох ёстой байсан цалин 150,000 ам.долларыг нөхөн төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: ВВС