Цаг үеийн мэдээ

Улсын Гуравдугаар төв эмнэлэгт Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН006” төслийн хүрээнд тус эмнэлэг болон БНСУ-ын Ча-Бундан эмнэлэг хооронд байгуулсан Зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд урт хугацааны мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. 

Энэ хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд тус эмнэлэгт Ча-Бундан эмнэлгийн зүрх судасны мэс заслын эрхлэгч, Ионсей эмнэлгийн хүндэт профессор, УГТЭмнэлгийн зүрхний мэс заслын гадаад зөвлөх эмч Чан Бун Чул доктороор ахлуусан 4 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй мэс заслын баг уригдан ирж ажиллаж байна. 

Чан докторын баг хамт олон дээрх хамтын ажиллагааны хүрээнд Зүрх судасны үндэсний төвд 5 дахь удаагаа уригдаж ирж байгаа бөгөөд тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын багтай хамтарсан ажлын байрны мэс засал-сургалтыг зохион байгуулж байна. 

Мэс заслын хамтарсан баг энэ удаа нэн яаралтай мэс засал эмчилгээ шаардлагатай титэм судас нөхөн сэргээх, гол судасны өргөслийг хиймэл судсаар сольж засах, гол судасны нарийслийг давуулан анастомоз залгах, гол судасны хавхлага солих зэрэг хүнд хэлбэрийн эмгэгтэй нийт 5 эмчлүүлэгчид мэс засал эмчилгээг хийж, өндөр түвшний нарийвчилсан оношилгоо зайлшүй хэрэгцээтэй байгаа 20 гаруй эмчлүүлэгчид хамтарсан үзлэг оношилгоо хийх юм.

Таны сурталчилгаа