Испани улсын 31 настай иргэн өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр коронавирусийн дельта хувилбараар халдварласан бөгөөд нэгдүгээр сарын эхэнд омикрон хувилбарын халдвар авч дахин өвчилсөн байна.
Уг өвчтөн эмнэлгийн ажилтан ба эхний халдвар авснаас хойш 20 хоногийн дараа хоёр дахиа халдвар авсан нь тус улсад бүртгэгдээд буй хамгийн богино хугацаанд коронавирусээр дахин халдварласан тохиолдол гэж судлаачид мэдээлжээ.
Тиймээс та өмнө нь ковидын халдвар авсан болон бүрэн вакцинжуулалтад хамрагдсан байсан ч дахин халдварлах эрсдэлтэй гэдгийг дээрх тохиолдол харуулж байна. Их Британид иргэд халдвар авснаас хойш 90 хоногийн дараа дахин халдварлах магадлалтай гэж үзэж байгаа юм.
Испанийн эрүүл мэндийн ажилтан анх удаа халдвар авсны дараа ямар нэг шинж тэмдэг илрээгүй ба гурван долоо хоног орчмын дараа ханиалгаж, халуурч улмаар дахин ПСР шинжилгээ өгөхөд эерэг гарчээ.
Дэлхийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сараас хойш ковидын дахин халдварлаж буй тохиолдол эрс нэмэгдсэн байна. Мөн гуравдугаар сарын эхэнд ВА.2 нэртэй шинэ хувилбар тархсанаас халдварын тархалт нэмэгджээ.
Эх сурвалж: ВВС