Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий даяар коронавирусийн халдварын тархалт 24 хувиар буурсан үзүүлэлтийг өнгөрсөн долоо хоногт харуулжээ. Тус байгууллагын тооцоолсноор дөрөвдүгээр сарын 11-17-ны хооронд дэлхий дахинд ковидын халдвар авсан 5,59 сая тохиолдол бүртгэгдэж, 18,215 хүн нас баржээ. Халдварын тархалтаас гадна иргэдийн нас барах тохиолдол 21 хувиар буурсан байна.
Дэлхий дахинд ковидын тархалт гуравдугаар сарын сүүлээс хойш буурсан үзүүлэлтийг харуулсаар байгаа юм. Зарим улсад коронавирусийн шинжилгээний бодлогоо өөрчилсөн, халдвар авсан ч албан ёсоор бүртгэгдэх нь багассан зэргээс шалтгаалж байж болзошгүй юм.
Өнгөрсөн долоо хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн улс Өмнөд Солонгос байжээ. Тус улсад долоо хоногт 972,000 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Франц улсад 827,000, Германд 769,000 халдвар илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн халдварын 507 сая тохиолдол бүртгэгдэж, 6,2 сая хүн нас баржээ.
Эх сурвалж: The Guardian