Шанхай хотын оршин суугч 92 настай өндөр настан, 74 настай хүүгийн хамт коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Үүний дараа буюу өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө цагдаагийн алба хаагчид болон орон нутгийн захиргааны ажилтнууд хоёр өндөр настанг тусгаарлах байранд аваачихаар ирсэн байна.
Ээж, хүү хоёр явахаас татгалзаж хаалгаа тайлаагүй тул албаны хүмүүс засварчин дуудаж, хаалганых нь цоожийг эвдэн онгойлгожээ. Шөнийн 02:47 цагт хүмүүс хаалгыг нь эвдэн орж ирсэн дуудлагыг зээ охин руугаа хийсэн байна. Өндөр настнууд 04:00 цаг гэхэд тусгаарлах байранд иржээ.
Энэ явдал олон нийтийн цахим сүлжээнд тавигдсаны дараа хатуу чанга хөл хорионы улмаас хэдийнэ уурлаж бухимдаад байгаа Шанхай хотын оршин суугчдын дургүйцлыг хүргэсэн байна. Шанхайд ковидын омикрон хувилбарын тархалт дэгдээд байгаа бөгөөд 430,000 гаруй тохиолдол илрээд байна. Хотын захиргааны алба хаагчид тархалтыг намжаахын тулд Бээжингийн зааварчилгааг дагаж, хөл хорихоос өөр аргагүй байгаа юм.
Эх сурвалж: CNN