Цаг үеийн мэдээ

4-р сарын 18-нд Москва хотод өмнө нь  Газпром банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Владислав Аваев эхнэр, хүүхдийн хамт өөрийн гэртээ нас барсан байдалтай олджээ. Үүнээс хойш 1 хоногийн дараа Оросын Новатэк компанийн ТУЗ-н орлогч даргын алба хашиж байсан Сергей Протосеня гэр бүлийн хамт нас барсан байдалтай Испани дахь эдлэн газраасаа олдсон байна.

Ижил төстэй байдалтай энэ хоёр хэрэг нь олон улсын сонирхлыг ихээхэн татаж байгаа боловч хоорондоо ямар нэг холбоо байгаа гэсэн баталгаа байхгүй байна.

55 настай байсан Сергей Протосеня сүүлийн жилүүдэд гэр бүлээрээ Францад амьдарч байсан бөгөөд эхнэр охины хамтаар Испанид Христийн баярын өдрийг тэмдэглэхээр ирээд байжээ.  Том хүү нь Францад гэртээ үлдсэн бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж чадахгүй байсан тул Испанийн цагдаагийн газарт хандан шалгуулах хүсэлт өгснөөр цагдаа нар тэдний цогцсыг олжээ. 

Протосенягийн хэргийн хувьд мөрдлөгийн нэгдүгээр хувилбар нь эхнэр охиноо хөнөөгөөд өөрөө амиа хорлосон гэсэн мэдээлэл байжээ. Учир нь эхнэр охин 2  байшинд нас барсан байдалтай харин Сергей байшингийнхаа хажуугийн цэцэрлэгт өөрийгөө боомилж нас барсан ба цусны ул мөртэй сүх түүний хажууд байжээ. 

Цагдаагийнханд өөр нэг хувилбар байгааг Испанийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Протосенягийн хувцас дээр цус, тэмцлийн ул мөр байхгүй тул аллага, амиа хорлох үйлдлийг зохион байгуулсан байх гэсэн таамаглал байна.  Хэргийн газраас оймс олдсон гэж Insider мэдээлсэн - алуурчин ул мөр үлдээхгүйн тулд сүхний бариулыг оймсоор жийрэглэж барьсан байх магадлалтай гэжээ.

Одоогоор Испанийн цагдаагийн газар хяналтын камерын бичлэгийг шалгаж гэрт нь гэр бүлийнхнээс өөр хүн байсан эсэхийг тодруулах ажлыг хийж байна гэв. 

Мөн Сергей Протосенягийн ээж түүнийг гэр бүлдээ маш их хайртай байсан, тэр тусмаа охиндоо бүр ч их хайртай байсан. Эхнэртэйгээ олон жил хамт амьдарсан, тэр хэзээ ч тэдэнд ийм муухай зүйл хийх хүн биш. Иймээс хэргийг үнэн зөвөөр сайтар мөрдөж өгөхийг хүсэж байна гэдгээ илэрхийлжээ. Протосенягийн хуримтлуулсан хөрөнгө 400 сая орчим евро, тэрээр Оросын хамгийн баян 500 хүний тоонд багтдаг байжээ. Новатэкд ажлаа өгснөөсөө хойш тэрээр эхнэртэйгээ аялж өөрсдөдөө цаг зарцуулж хүссэнээрээ амьдарч байсныг гэр бүлийн зургууд харуулж байна. 

Харин Аваевын хэргийн хувьд "Хардалтын улмаас гэр бүлээ хөнөөж амиа хорлосон" гэх мэдээлэл байна. 

Газпромбанкны дэд ерөнхийлөгч асан 51 настай Владислав Аваев Москва дахь гэртээ нас барсан байдалтай олджээ.  Түүнтэй хамт эхнэр 47 настай Елена, 13 настай охин Мария нарын цогцос байсан.  Мөрдөн байцаах хороо хүн амины хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөрдөн байцаалтын  нэгдүгээр хувилбар бол Аваев өөрөө гэр бүлээ хөнөөж, дараа нь амиа хорлосон явдал юм.  Шалтгаан нь хардалт, гэр бүлийн маргаантай асуудал.

Тус өдрийн өглөө Аваев жолооч руугаа залган, өглөөний 11 цаг гэхэд гэрт нь ирж түүнийг  авахыг хүсжээ. Гэвч жолоочийг ирэхэд хаалгаа нээхгүй байсан учир Аваевын том охин 26 настай Анастасия руу утастсан байна.  Охин нь ирж хаалга тайлснаар тэд цогцсуудыг олжээ. 

Бүх цогцосноос бууны шархтай байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдээлжээ.

Бизнесмений том охины хэлснээр Аваев гартаа буутай байсан бөгөөд орон сууц нь дотроосоо түгжээтэй байсан гэжээ. 

РЕН-н мэдээлснээр уг хэрэг хардалтаас болсон гэх ба эхнэр нь гэр бүлийнхээ жолоочтой амрагийн холбоотой байсан.   Хэрэг гарах үед түүний эхнэр 5 сартай жирэмсэн байсан бөгөөд эхнэрээ амрагаасаа жирэмсэн болсныг олж мэдсэн. Аваев бүгдийг мэдсэний дараа тэр жолооч өөрөө ажлаасаа гарсан байна.  Үүнээс өмнө эхнэр, нөхөр хоёрын харилцаа тийм ч таатай байгаагүй аж. Өнгөрсөн жил Елена Аваева хүүхэд өсгөх тал дээр санал зөрөлдсөний улмаас нөхрөө шүүхэд өгчээ.  Тус сувгийн мэдээлснээр талийгаач Аваевын 13 настай охин хөгжлийн бэрхшээлтэй байжээ.  Өнгөрсөн арван хоёрдугаар сард эхнэр нь тодорхойгүй шалтгаанаар өргөдлөө буцааж авсан байна.

Эх сурвалж: Starhit, gazeta .ru,

Таны сурталчилгаа