Франц улсад өнгөрсөн ням гарагт болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад Эммануэль Макрон ялалт байгуулж, улиран сонгогдлоо. Тэрээр 58,55 хувийн санал авч ялалт байгуулсан бол Макроны өрсөлдөгч Марин Ле Пен 41,45 хувийн санал авсан байна.
Макрон Франц улсын сүүлийн 20 жилийн түүхэнд улиран сонгогдсон анхны төрийн тэргүүн боллоо. Эйфелийн цамхгийн дэргэд дэмжигчидтэйгээ баяраа тэмдэглэж, сарнисан улсаа нэгтгэхээ амласан байна.
Өчигдөр болж өнгөрсөн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт иргэдийн 72 хувь нь оролцжээ. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь санал өгөхөөс татгалзсан байна. Энэ нь 1969 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн бага иргэн саналаа өгсөн явдал болжээ.
Хэдийгээр Марин Ле Пен ялалт байгуулж чадаагүй боловч эцэг Жан Мари Ле Пенийхээ байгуулсан Үндэсний цуглаан намын хувьд шинэ амжилт тогтоосон ажээ. Хатагтай Ле Пен 13 сая хүний санал авч чадсан байна. Түүний хувьд амьжиргааны өндөр зардлыг танахын тулд татварыг бууруулах, төрийн байгууллагуудад исламын шашны алчуур зүүхийг хориглох, цагаачдад хяналт тавихаар бүх нийтийн санал хураалт явуулах зэргийг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Эх сурвалж: ВВС