Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын аялал жуулчлалын бүс Жэжү арал дээр алдарт Queen хамтлагийн дуучин Фрэдди Меркюригийн хүрэл хөшөөг босгожээ. Хөшөөг урлахдаа түүний өндөр жинд тааруулан дуурайлган урласан байна.

Британийн рок хамтлаг Queen-ий үнэнч шүтэн бишрэгч Өмнөд Солонгосын бизнес эрхлэгч Бэк Сун Ёб эх орондоо алдарт дуучны хөшөөг барих хүсэлтээ 2014 онд хамтлагийн үйл ажиллагаа хариуцсан компанид анх тавьж байжээ. 

Түүний цахим шуудангаар илгээсэн хүсэлтэд долоон жилийн турш хариу ирүүлээгүй ч 2020 онд анх удаа хариу ирүүлж, хамтлагийн гишүүд түүнтэй Сөүлд уулзахыг хүссэн байна. Ингэхдээ тус хамтлаг анх удаа Өмнөд Солонгос улсад тоглолтоо хийх хүсэлтэй байгаагаа танилцуулжээ.

Холливудын жүжигчин Рами Малекийн тоглосон Бохемиан Рэпсоди кино 2018 онд дэлгэцэнд гарснаас хойш Өмнөд Солонгост 10 сая хүн үзэж, 70 сая ам.долларын ашиг олсон нь хамтлагийн гишүүд  Бэк Сун Ёбт хариулах сэдэл болсон гэж тэрээр ярьсан байна. 

Бэк Сун Ёб хамтлагаас зөвшөөрөл авсныхаа дараа Меркюригийн 177 см хөшөөг барих ажилд 50 сая воны хөрөнгө оруулжээ. Меркюригийн яг ийм анхны хөшөөг цомгоо бичүүлж, амьдарч байсан Швейцарийн Монтред босгосон байдаг ажээ. Жэжү аралд өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн хөшөө хоёр дахь нь юм байна. 

Уг төслийг хэрэгжүүлэхэд Меркюригийн бэлгийн дур сонирхолтой холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан удаатай аж. Мөн 1970-аад онд цэргийн дарангуйлагч Пак Чун Хигийн дэглэмийн дараа Queen хамтлагийн уран бүтээлийг хориглож байжээ. Гэсэн ч Бэк Сун Ёб Queen хамтлагийг шүтэн биширч, дууг нь сонсохоо болиогүй байна. 

Эх сурвалж: Bangkok Post

 

Таны сурталчилгаа