Цаг үеийн мэдээ

БНХАУ-д коронавирусийн халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан 46 хотод 340 сая орчим иргэн хэсэгчилсэн болон бүрэн хөл хорионд ороод байна. Хоногт 10,000 орчим тохиолдол бүртгэгдэж байгаа Шанхай хот халдварын хамгийн том голомт болоод байгаа бол нийслэл Бээжин хотын 20 сая гаруй иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулж эхэлсэн. 

Бээжинд сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн ба хурим, оршуулга зэрэг бүх нийтийн арга хэмжээг хориглоод байна. Пүрэв гарагт тус хотод халдварын 50 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ байдлаараа тархалт даамжирвал нийслэл хотод бүхэлд нь хөл хорио тогтоож магадгүй байна. 

Хятадын Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах яам цар тахлын үеийг далимдуулж хувьдаа ашиг олох зорилготой үйлдэл гаргасан хүн, аж ахуйн нэгжийг 3 сая юань хүртэл мөнгөн дүнгээр торгохыг мэдэгджээ. Хөл хорионы үед дэлгүүрүүдийн лангуу хоосорч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна.

Шанхайд нэгэн эрэгтэй бараа бүтээгдэхүүний үнээ цахимаар худалдахдаа 360 хувиар нэмсэн хэрэгт буруутгагдаж, ял шийтгэл сонсохоор болжээ. Энэ мэтчилэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түрээсийн үнээ нэмэх тохиолдол халдвар тархсан газруудад гарсаар байна. 

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа