Нидерланд улсын Утрехт хотод дөрвөн настай хүү ээжийгээ унтаж байх хойгуур машиныг нь хулгайгаар унаж, осол хийсэн тохиолдол гарчээ. Хүү ээжийнхээ машинаар зогсоолд байсан хоёр машиныг мөргөснийхөө дараа унтлагын хувцастай, хөл нүцгэн алхаж байгааг харсан иргэд цагдаад мэдэгдсэн байна. Азаар бяцхан хүүгийн сэдсэн хэрэгт хэн нэгэн гэмтэж бэртээгүй ажээ.
Цагдаагийн тэмдэглэлд бичсэнээр хүү бямба гарагийн өглөө аавыгаа ажилдаа явахад нь сэрсэн байна. Сэрснийхээ дараа ээжийнхээ машины түлхүүрийг авч жолооны ард суужээ. Цагдаа нар иргэдийн дуудлагаар ирж хүүг авахад ойролцоох зогсоолд байсан машинуудыг мөргөсөн байгааг харж бүртгэлээс шалгахад нэг нь хүүгийн ээжийнх болохыг тогтоосноор гэр рүү нь залгажээ.
Хүүг цагдаагийн газарт халуун шоколад уулган тайвшруулж гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Ослын газарт очиж юу болсныг асуухад ээжийгээ машинаа хэрхэн онгойлгож, жолоодож байгааг нь харсан тухайгаа ярьжээ. Утрехт хотын цагдаагийн газраас уг хэргийн дараа эцэг эхчүүдийг машиныхаа түлхүүрүүдийг хүүхдээс нууж байхыг зөвлөсөн байна.
Эх сурвалж: ВВС