Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещукийн мэдээлснээр, Киев, НҮБ, Олон улсын Улаан загалмайн хороо хамтран "дайн эхэлснээс хойш хамгийн хүнд ажиллагаа"-г гүйцэтгэж байна. Тэрээр Азовсталийн нутаг дэвсгэрээс зуу орчим энгийн иргэдийг гаргасан тухай ярьжээ.
Украины хяналтад байгаа "Азовсталь" төмөрлөгийн үйлдвэрийн нутаг дэвсгэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээллийг Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн бататгажээ.
Дөрөвдүгээр сарын 30-нд Мариуполь дахь Оросын цэргүүдэд бүслэгдсэн үйлдвэрийн нутаг дэвсгэрээс 20 хүүхэд, эмэгтэйчүүдийг нүүлгэн шилжүүлсэн гэж Азовын полкийн командлагчийн орлогч Святослав Паламар мэдэгдсэн.
Нүүлгэгчид тохиролцсон чиглэлд буюу Украины хяналтад байдаг Запорожье руу явна гэж Паламар найдаж байгаагаа илэрхийлсэн.
“Энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх цуваа 230 орчим км замыг туулж, бямба гарагийн өглөө Мариуполь дахь үйлдвэрт хүрчээ. Нүүлгэн шилжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгөх шаардлагагүй гэж ОУУЗХ-оос мэдэгдлээ. Энэ нь энгийн иргэд болон цувааны аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй гэж үзэж байна" гэж мэдээлж байна.
Тавдугаар сарын 1-ний өглөө ОХУ-ын Батлан хамгаалах яам Азовсталь гангийн үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж буйг харуулсан дүрс бичлэгийг нийтэлжээ. Нийт 46 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Өдрийн цагаар 25, оройн цагаар 21 хүн шилжүүлсэн хэмээн яамнаас мэдээллээ. "Дөрөвдүгээр сарын 30-ны үдээс хойш нутгийн 25 оршин суугч явсан. Харанхуй болж, буун дуу зогсох үеийг ашиглан 21 хүнтэй хоёр дахь ээлж гарч, тэднийг Безыменное тосгон руу аваачсан" гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ. Тэдний мэдээлснээр "Бүх энгийн иргэдийг орон байр, хоол хүнс, шаардлагатай эмнэлгийн тусламжаар хангасан" гэжээ.
Эх сурвалж: Настоящее время