Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын зүүн өмнөд Чанша хотод орон сууцны зориулалттай зургаан давхар барилга нурж, долоон хүнийг нурангин доороос аварсан ч 20 орчим хүн дарагдсан хэвээр байгаа юм. Барилга өнгөрсөн баасан гарагт нурснаас хойш мянга орчим аврагч ослын газарт ажиллаж, нурангин доор үлдсэн иргэдийг аврахаар ажилласаар байна.

Хотын цагдаагийн газар барилга нурсан хэрэгт буруутай гэж үзэж буй есөн хүнийг баривчлан саатуулжээ. Эдгээр хүмүүсийн дунд барилгын ажлыг гүйцэтгэсэн гурван хүн, барилгын эзэн, барилгын аюулгүй байдлын талаар худал баримт бичиг бүрдүүлсэн таван хүн багтсан байна.

Барилга чухам яагаад нурсан шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа юм. Хятадын дарга Си Зиньпин нурсан барилгаас иргэдийг аврах ажлыг ямар ч үнээр хамаагүй гүйцэтгэхийг үүрэгдсэн бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажлыг нэн даруй явуулахыг даалгасан.

Чанша хотын Ванчен дүүрэг дэх уг барилгыг орон сууцны зориулалтаар ашиглаж байсан ба зочид буудал, кино театр байрлаж байжээ. Хятадад орон нутгийн захиргааны ажилтнууд авилгад автсанаас барилгын стандарт, аюулгүй байдал ноцтой зөрчигдсөн нь олон тооны барилга нурж иргэдийн амь нас эрсдэх шалтгаан болдог. Энэ жилийн эхэнд Чончин хотын барилга дотор хий дэлбэрч 16 хүн амиа алджээ.

Эх сурвалж: ВВС, Al Jazeera

 

Таны сурталчилгаа