Цаг үеийн мэдээ

Дайны ажиллагаа эхэлснээс хойш Оросын зургаан бүс нутагт цэрэг татлагын байранд гал тавьсан хэрэг гарсан байна. Эдгээр галын хэргүүд хоорондоо холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн анхны гал тавьсан хэрэг 2-р сарын сүүлээр  болсон бөгөөд Москва мужийн Луховицы дахь цэрэг татлагын байр шатжээ.  “Московский комсомолец” сонинд бичсэнээр, 21 настай нутгийн оршин суугч энэ хэрэгт сэжигтнээр татагдаж 3 сарын 8-нд баривчлагдсан байна. Үүнээс гадна хаалга нь Украины төрийн далбааны өнгөөр будагдаж дайныг эсэргүүцсэн үгс бичсэн байсан гэжээ.

Гуравдугаар сарын 3-нд Воронеж хотод үл таних хүн цэрэг татлагын комиссын байрны үүдэнд  шатамхай шингэнтэй лааз хагалж гал гарган зугтжээ. "Галын улмаас хаалганы хэсэг шатсан, азаар хохирогч байхгүй"  хэмээн үйл явдлын талаар орон нутгийн "Новости Воронеж" сонин бичжээ.

Долоо хоногийн дараа 3 сарын 11-ний шөнө нэгэн залуу Свердловск мужийн Березовский хотын цэрэг татлагын байрыг шатаахыг завджээ.  “Комсомольская правда” сонинд бичсэнээр галыг цахилгаан барааны дэлгүүрийн зөвлөх 24 настай залуу тавьсан байна. Түүнийг баривчлах үед тэрээр "Цэрэг татлагын ажлыг тасалдуулахыг хүссэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн" гэжээ. 

Үүнтэй төстэй түүх Иваново мужийн Шуя хотод болсон. Гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө үл таних этгээд орон нутгийн цэрэг татлагын байрны цонхоор шатамхай хольц шидсэн гэж IvanovoNews мэдээлсэн байна.  Тухайн өдрүүдэд Шуя хотод "Украины тусгай ажиллагааг зөвшөөрөхгүй гэсэн бичээснүүд" гарч ирснийг хэвлэлд онцолсон байна.

Галдан шатаасан этгээд баривчлагдсан ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн гэрэл зургуудаас харахад галын улмаас барилгын зөвхөн цонх л гэмтсэн байна.

Дөрөвдүгээр сарын 18-ны шөнө Мордовын Зубова Поляна гэх жижиг хотын цэрэг татлагын байр руу үл таних хүмүүс шатах шингэнтэй зүйл шидсэн байна.  Галын улмаас нэг, хоёрдугаар давхрын өрөөнүүд шатаж хугацаат цэргийн алба хаагчдын мэдээлэл хадгалагдаж байсан  компьютер шатсан байна.

Хамгийн сүүлд тавдугаар сарын 4-ний шөнө үл таних этгээдүүд Нижневартовск дахь  цэрэг татлагын байр руу шатамхай зүйл шидсэн байна.  Хэрэг явдлын тухай Урал Маш суваг "Шөнө дунд үл таних хоёр хүн өөрсдийн гараар хийсэн найман ширхэг шилтэй шатах зүйлийг байшин руу шидэж, нэгдүгээр давхрын танхимын дотор тал шатсан. Ойролцоо цагдаа нар байсан учир галыг унтраасан, хэн ч гэмтэж бэртээгүй" хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: BBC Русская служба

Таны сурталчилгаа