АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр анх удаа өнгөт арьст, ижил хүйстнээ сонирхогч гэдгээ олон нийтэд ил тод зарласан эмэгтэйг томилжээ. Энэ жил 44 настай Карин Жан-Пьер Ерөнхийлөгч Жо Байденыг сонгогдсоноос хойш хэвлэлийн албаны ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан юм.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч 43 настай Жен Псаки ирэх долоо хоногийг дуусгаад ажлаасаа гарч MSNBC кабелын сувагт ажиллахаар болсон байна. Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга буюу хэвлэлийн төлөөлөгч ордны сэтгүүлчидтэй хамтран ажиллаж, өдөр тутамд мэдээлэл хүргэдэг олны нүдэн дээр ил байдаг чухал үүрэг хариуцлагатай алба юм.
Цагаан ордноос явж буй Жен Псаки твиттер хуудсандаа түүний ажлыг авч буй эмэгтэй үнэхээр гайхамшигтай бөгөөд өндөр ёс суртахуунтай, түүнийг өөрийнхөөрөө алмаз мэт гялалзахыг хармаар байна гэж жиргэжээ.
Жан-Пьер MSNBC телевизэд шинжээч хийж байгаад сүүлийн 20 гаруй жил Ардчилсан намын төлөө зүтгэжээ. Тэрээр Францын Карибын Мартиник арал дээр төрж, Нью-Йоркийн Күйнс дүүрэгт өссөн байна. Барак Обамагийн үед улс төр хариуцсан захирал, өнөөгийн дэд Ерөнхийлөгч Камала Харрисын ажлын албаны дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байжээ.
Эх сурвалж: ВВС