АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украинд айлчилж, Украины тэргүүн хатагтай Олена Зеленскатай уулзжээ. Тэргүүн хатагтай нар хилийн дагуу орших Ужгород тосгоны сургууль дотор уулзсан байна.
Оросын цэргүүд Украин руу дайрснаас хойш тэргүүн хатагтай Олена Зеленска анх удаа олон нийтийн өмнө гарчээ. Жилл Байден, Олена Зеленска нарын уулзсан сургуулийг түр хугацаанд иргэдийн хоргодох байраар ашиглаж байна. Хатагтай Байден Америкийн ард түмэн Украины ард түмэнтэй хамт гэдгийг энэ удаагийн айлчлалаараа харуулахыг хүссэн гэжээ. Харин хатагтай Зеленска Жилл Байденыг дайны цагт Украинд айлчилсан нь маш зоригтой алхам байлаа хэмээн талархал илэрхийлсэн байна.
Жил бүрийн тавдугаар сарын 8-ыг барууны орнуудад ээжүүдийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Хатагтай Байдены айлчлал энэ өдөртэй давхацсан байна. Энэ өдөр Америк, Украины хувьд тун ач холбогдолтой чухал гэдгийг Зеленска онцолжээ. Тэргүүн хатагтай нар сургуульд байрлаж байгаа хүүхдүүдтэй уулзаж, цаасаар орон нутгийн бэлгэ тэмдэг болсон баавгай хийсэн байна.
Энэ хооронд Вашингтоноос Москвагийн эсрэг хориг арга хэмжээг дахин чангатгасан тухай мэдээлсэн байна. Нэмэлт хоригийн хүрээнд Орос, Беларусийн 2,600 иргэнд виз олгохоос татгалзжээ. Мөн Оросын гурван телевиз, Гапромбанкны удирдах албан тушаалтнууд хоригт багтсан байна. Түүнчлэн Бүлэг 7 орны удирдагчид Оросоос газрын тос нийлүүлэхээ зогсоох болон хязгаарлахаар тогтсон тухайгаа мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: ВВС