Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн дэлхий дахинд танигдсан хонины ноосон цамцыг Лондон дахь дуудлага худалдаагаар өнгөрсөн долоо хоногт заржээ. Дуудлага худалдаанаас олсон мөнгийг украинчуудад хандив болгон өгөх юм байна.
Дайн эхэлснээс хойш Ерөнхийлөгч Зеленский мэдэгдэл хийхдээ уг цамцыг багагүй удаа өмссөн. Зеленский дуудлага худалдаагаар зарагдсан цамцан дээрээ гарын үсгээ үлдээжээ. Их Британи дахь Украины элчин сайдын яам дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд Зеленскийн ноосон цамц 90,000 фунт стерлинг буюу 111,000 ам.долларын үнээр зарагдсан байна.
“Зоригт Украйн” нэртэй хандивын арга хэмжээн дээр Украины тэргүүн хатагтай Олена Зеленскагийн хандивласан тоглоомууд, гэрэл зурагчин Макс Левайны зургуудыг худалдаж, нийт сая ам.долларын хандив цуглуулсан байна. Энэ мөнгөөр Баруун Украины тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эмнэлгийг сайжруулан засварлахаар төлөвлөсөн ажээ.
Эх сурвалж: CNN