Украинд дайн эхлэснээс хойш сүүлийн саруудад маш олон алдартнууд Оросыг орхин явсан. Үүний зэрэгцээ цөөн хэдэн уран бүтээлчид бүр мөсөн явж байгаагаа зарлаад байгаа билээ. Оросын хэвлэл мэдээллээр эх орноо орхин явсан одуудыг ихээр шүүмжилж урвагчид хэмээн нэрлээд байна.
Алла Пугачева, Максим Галкин нар хоёр хүүхдийнхээ хамт гуравдугаар сарын эхээр Израиль руу явсан. Цагаачлалын тухай цуу яриа гарч Пугачёва Израилын иргэншилтэй болсон гэх мэдээллүүд гарсан ч Орос руугаа буцна гэж Пугачева баталж байна.
Тэрээр "Яаж дээ! Амралт дуусна. Есдүгээр сарын 1-нд хүүхдүүд сургуульдаа явах ёстой. Одоо тэд онлайнаар суралцаж байна" гэж сэтгүүлчийн асуултанд хариулжээ. Пугачева Оросоос явснаасаа хойш ямар нэгэн тайлбар хийж байгаагүй билээ.
Мөн өмнө нь Максим Галкин Орост өөрийнх концертууд цуцлагдаж, зар сурталчилгааны хэд хэдэн гэрээ цуцалснаар санхүүгийн хүндрэл үүссэн учир Оросыг орхин Израиль руу явсан гэж хэлсэн. Тэрээр урвасан гэж зэмлэхгүй байхыг хүссэн бөгөөд Оросын үзэгчиддээ хүндэтгэлтэй хандсан хэвээр байгаа, эх орон нэгтнүүдтэйгээ дахин тайзан дээрээ уулзахыг хүсч байгаагаа онцолжээ.
Эх сурвалж: Известия