Цаг үеийн мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлтийн ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Наадмын нээлтийн ёслолд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, ЗГХЭГ-ын референт Г.Оюунтунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спортын бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын хүндтэй эрхмүүд оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

Энэ үеэр Сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт нийтийн биеийн тамирыг эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгох, хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, спортыг дэмжих, үндэсний уламжлалт спортыг дэлхий нийтэд таниулах, тамирчдыг тив, дэлхий төвшинд өрсөлдөх чадвартай болгон амжилтыг нэмэгдүүлэн иргэдэд үйлчлэх спортын зориулалттай барилга байгууламжийг барих талаар зорилт тусгасныг бид хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Энэхүү наадмын шигшээ тэмцээнүүд онц сонирхолтой болж, уран хурц тоглолтууд гарч, спортын шударга өрсөлдөөн үзүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэг энэрэнгүй сэтгэл, зөв харилцаа, зөв хүн байхын жишгийг үзүүлэн ард түмэнд үлгэрлэсэн оюун ухаан, бие бялдрын өндөр ур чадвар шаардсан спортын олон дээд амжилтууд тогтоосон өрсөлдөөн ихтэй арга хэмжээ болно гэдэгт найдаж байна. Баг, тамирчин, дасгалжуулагч та бүхэнд спортын өндөр амжилт хүсье” хэмээн онцоллоо.    

Монголын бүх ард түмний спортын наадам нь иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, Олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Энэхүү ёслолын хамгийн сонирхол татсан нь бамбар барих, тамирчны тангарга өргөх, туг залах ёслол байв. Жүдо бөхийн олимпын хүрэл медальт, Азийн аварга, Сүхбаатарын одонт Ц.Цогтбаатар бамбар залж орох нь хурсан олны сэтгэлийг татаж байсан бол хүндийн өргөлтийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг тамирчны тангарга өргөлөө. Мөн буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Анударь, чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч Т.Тулга, ширээний теннисний “Токио-2022” олимпын наадмын оролцогч Б.Болор-Эрдэнэ, хөнгөн атлетикийн Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Бямбажав нар туг залах нь уг арга хэмжээний оргил мөч байлаа.  

Шигшээ тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, багийн дасгалжуулагчийг Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан мөнгөн шагналыг олгоно. Энэ нь алтан медаль 1.5 сая төгрөг, мөнгөн медальд нэг сая төгрөг, хүрэл медальд 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг олгоно.

Таны сурталчилгаа