Улсын гуравдугаар төв эмнэлэг Эрүүл Мэндийн Сайдаас төрөлжсөн мэргэжлийн лавлагаа төв эмнэлгүүдэд өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу өөрийн эмнэлгийн хамаарах орон нутгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТөвүүдэд тусламж үйлчилгээний оновчтой зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхыг сайжруулах замаар төвлөрлийг сааруулж, чирэгдэл хүлээгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд газар дээр нь дэмжлэгт удирдлагаар ханган хамтран ажиллах зорилтот үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
Энэ удаа тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, зүрх судасны мэс засал, ерөнхий мэс засал, тархины харвалт, зүрхний шигдээсний төрөлжсөн мэргэшлийн зөвлөх зэргийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг дээрх зорилгын хүрээнд 10 дугаар сарын 10-ноос 16-ны өдрүүдэд баруун бүсийн Баян-өлгий, Завхан аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд мэдрэл, зүрх, ерөнхий мэс засал, харвалт, шигдээсний төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний чиглэлүүдээр орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийх замаар эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлыг газар дээр нь хамтран шийдвэрлэх, орон нутгийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхжуулах, төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний чиглэлүүдээр арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангах зорилгоор богино хугацааны томилолтоор ажиллаж байна.
Томилолтын хугацаанд төрөлжсөн мэргэшлийн нэгдсэн баг бүрэлдэхүүн 50 гаруй үйлчлүүлэгчид лавлагаа тусламж үйлчилгээний үзлэг оношилгоо хийснээс тосгуур ховдлын таславчын цоорхой, артерийн битүүрээгүй цорго, гүний болон өнгөц венийн тромбоз, Gullian-Barre зэрэг өвчнүүдийг шинээр оношилж, зүрхний хуучин шигдээстэй болон тархины судасны хагарсан цүлхэнд хавчаар тавих мэс засал хийгдсэн, мөн нойр булчирхайн үхжилт үрэвсэлтэй болон цөсний чулуутай механик шарлалттай эмчлүүлэгчдэд зөвлөх эмчийн хяналтын үзлэг хийж, эмчилгээний зөвлөгөө өгч, Баян-Өлгийн аймгийн нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжлийн эмч нарт захын болон венийн судасны эмгэгийн эмчилгээний менежмент, титэм судсан дотуурх эмчилгээний дараах антиагрегант эмчилгээ, тархины харвалт ба бүлэн уусгах эмчилгээний протокол зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийлээ.