Их Британийн Эдийн засагч группын жил бүр гаргадаг судалгаагаар дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудыг нэрлэдэг. Энэ жилийн судалгааг Америкийн Нью-Йорк хот болон Сингапур хот улс тэргүүлж, дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотуудаар нэрлэгджээ. Өнгөрсөн жил дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор нэрлэгдэж байсан Израйлийн Тель-Авив хот энэ жилийн жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна.
Тус байгууллагын хийсэн судалгаагаар дэлхийн томоохон хотуудын амьдрах өртөг энэ жил дунджаар 8,1 хувиар нэмэгджээ. Үүнд Украины дайн болон ковидыг нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Дэлхийн хотуудаас инфляц хамгийн их хэмжээгээр нэмэгдсэн хот Туркийн Истанбул байна. Истанбулд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 86 хувиар өсчээ. Үүний дараа Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод инфляц 64 хувь, Ираны Тегеран хотод 57 хувиар нэмэгджээ.
Эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар Нью-Йорк хот амьдрах өртгөөр дэлхийн хотуудыг тэргүүлэх болсон шалтгаануудын нэг нь инфляц өссөн явдал ажээ. Америкт сүүлийн 40 гаруй жилийн дотор инфляц хамгийн өндөр үзүүлэлтийг харуулсан юм. Үүн дээр америк долларын ханш чангарсан нь Нью-Йоркт амьдрах өртөг зардал нэмэгдэхэд нөлөөлжээ.
Украинтай дайтаж буй Оросын нийслэл Москва хот энэ жилийн жагсаалтад 37 дугаарт орж урагшилсан байна. Өнгөрсөн жил Москва 88 дугаарт бичигдэж байсан юм. Дээрх судалгааг дэлхийн 173 хотод явуулсан ба Украины нийслэл Киев багтаагүй ажээ.
2022 оны өндөр өртөгтэй хотууд
1 = Нью-Йорк
1 = Сингапур
3 = Тель-Авив
4 = Хонконг
4 = Лос Анжелес
6 = Цюрих
7 = Женев
8 = Сан Франциско
9 = Парис
10 = Сидней
10 = Копенхаген
2022 оны бага өртөгтэй хотууд
161 = Коломбо
161 = Бангалор
161 = Алжиерс
164 = Ченнай
165 = Ахмедабад
166 = Алматы
167 = Карачи
168 = Ташкент
169 = Тунис
170 = Тегеран
171 = Триполи
172 = Дамаск
Эх сурвалж: ВВС