Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар хуучин гүүрийг буулгах ажил болон шинэ гүүрний шон, суурь цутгах, арматур бэлтгэх ажлууд хийгдэж байна. Хуучин гүүрийг буулгаж дуусаад, газрын түвшнээс доош 17 метр гүнд шинээр шон суурийг байрлуулна. Шинэ гүүрний үйлдвэрт цутгасан дам нурууг тээвэрлэх ажлыг энэ долоо хоногт эхлүүлнэ. Ингэснээр Зайсангийн хуучин гүүрийг буулгаж шинэчилж, энэ оны зургаадугаар сарын эхээр хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.
Ташрамд, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар Баруун гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байсан билээ.