Цаг үеийн мэдээ

Стратегийн орд гэдэг бол жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Тэгвэл УИХ-ын 2007 оны 27-р тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж баталсан. Харин энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралтаар 39 бүлэг ордын жагсаалтыг гаргасан байдаг. Гэхдээ стратегийн ордод хамруулахаар яригдаад удаж байна. 2015 онд УИХ-ын тогтоолоор дахин нэг орд нэмсэнээр стартегийх 16 орд бүртгээд буй. Энэ 16 ордоос долоо нь төрийн, ес нь хувийн эзэмшилд байгаа. 

"Баялагтаа эзэн Монгол" мөн үү? гэхийн учир нь ...

Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”,6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тунхагласан.

Өөрөөр хэлбэл Үндсэн хуульдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд, газрын хэвлий дэх баялаг төрийн хамгаалалтад байна гэж заажээ. Гэтэл стратегийн ач холбогдол бүхий орд газрууд буюу байгалийн баялаг хэний халаасанд байгаа вэ? 

Бид энэ удаад стратегийн ач холбогдол бүхий 16 орд газар хэний ямар компаний мэдэлд байна вэ гэх асуултын хариултыг дэлгэж байна. 

Төрийн буюу “Эрдэнэс Монгол” ХК-ийн мэдэл дэх ДОЛООН орд:

1.“Оюу толгой”-н зэс, молибдени орд. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байршилтай. 34% нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн, 66% нь Канадын “Рио Тинто” компанийн мэдэлд.

2.“Таван толгой”-н чулуун нүүрсний БҮЛЭГ орд. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай. “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн жижиг "Тавантолгой" ХК /Өмнөговийн орон нутаг, Ажнай Д.Бат-Эрдэнэ/ болон Ухаа худгийн ордыг “MCS”-ийн "Энержи Ресурс" ХХК гэхчлэн хувааж эзэмшдэг.

3. “Эрдэнэт”-ийн зэс, молибдений орд. Орхон аймгийн Баян-Өндөр суманд байршилтай. 51%-ийг монголын төр, 49%-ийг Mongolia Copper Corporation компани эзэмшдэг.

4. “Багануур”-ын хүрэн нүүрсний орд. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байршилтай. “Багануур” ХК олборлож, 51%-ийг төр, 49%-ийг олон нийт эзэмшдэг.

5. “Шивээ Овоо”-гийн хүрэн нүүрсний орд. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байршилтай. Нөөц тооцсон талбайг хамааруулна. “Шивээ Овоо” ХК олборлодог.

6. “Төмөртэй”-н төмрийн хүдрийн орд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршилтай. Уг ордын тусгай зөвшөөрлийг Монгол-Хятадын “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан. 100% Дарханы төмөрлөгийн үйлдвэр буюу төр эзэмшдэг болсон.

7. “Асгат”-ын мөнгөний орд. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байршилтай. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байв. 2019 онд “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд авах шийдвэр гаргасан.

Харин үлдсэн ЕСӨН орд хувийн хэвшил,гадны ГАРТ байна

Тодруулбал, 

1. “Цагаан суварга”-ын зэс, молибдений орд. Дорноговь аймгийн Мандах суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж 2014 онд Н.Нямтайширын МАК-д 100 хувь шилжсэн. З.Энхболд даргатай парламент 2014 оны хаврын чуулганаар “Цагаан суварга”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэн төрийн мэдлээс гаргаж, МАК-нд шилжүүлж байв. 2044 он хүртэл ЭЗЭМШИХ юм.

2. “Нарийн сухайт”-ын нүүрсний орд. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаарт бичигддэг том орд. МАК компани 2002 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы "Чин Хуа" корпорацитай хамтран Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулж байв. 100% Чинхуа Мак (БНХАУ), МАК ХХК (Монгол)-ийнх.

3. “Төмөртэйн овоо”-ны цайр, хар тугалгын орд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. 40%-ийг төр, 50%-ийг “Цайрт минерал” ХХК, 10%-ийг хувь хүн эзэмшдэг. Хөрөнгө оруулалтын зээлээ төлж дууссаны дараа уг хувь 50:50 болж өөрчлөгдөх нөхцөлтэйгөөр хамтран ажиллах гэрээтэй.

4. “Бүрэнхаан”-ы фосфоритын орд. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байршилтай. Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 100%  “Талст маргад” ХХК (Монгол), “ТопроуХэнцо” ХХК (Хятад), “Тефас майнинг” ХХК (Хятад), Сутайхэнцо ХХК (Хятад). “Талст-Маргад” компани нь Солонгосын хөрөнгө оруулалттай УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын мэдлийнх. Батбаярын Батхишиг эзэмшдэг.

5. “Бороо”-гийн алтны орд. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Канадын “Центерра Гоулд монголия” ХХК 100% эзэмшдэг байв. 2018 онд Сингапурын хувийн компани "OZD ASIA PTE Ltd"-д 35 сая ам.доллараар зарсан байна. Мөн "Сэлэнгэминералс" ХХК 2014-2044 оны хооронд 30 жилээр ашиглалтын лиценз авсан нь анхаарал татаж байна.

6. “Гацуурт”-ын алтны орд. Сэлэнгэ аймгийн Мандал суманд байршилтай. 2015 онд УИХ-ын тогтоолоор стартегийн 16 дахь орд болгож нэмсэн. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Центерра гоулд Монголиа" компани эзэмшиж байгаад Сингапурын “OZD ASIA PTE Ltd"-д зарсан.

7. “Мардай”-н ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийсэн. Социализмын үед оросууд уран олборлож байжээ. Монголын талтай хамтарсан компани байгуулах хөрөнгө оруулагч гарч ирвэл Мардайн олборлолтыг сэргээх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг. Одоо Японы хөрөнгө оруулалттай “Адамас майнинг” ххк эзэмшдэг

8. “Гурванбулаг”-ийн ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын төрийн өмчит Си Эн Эн Си корпораци 49 хувийг нь эзэмшиж байна. Хятадын Цөмийн эрчим хүчний корпораци нь Канадын “Вестерн проспектор” компаниас 198 сая хонконг доллароор тус ордыг худалдан авчээ. Харин одоо тус ордыг мөн л японы хөрөнгө оруулалттай “Адамас майнинг” ххк эзэмшиж байна 

9. “Дорнод”-ын ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. 21 хувийг төр, 58 хувийг Канадын “Ханресурс” ХХК эзэмшиж байв. Монголын Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь цуцалснаар 2015 оны үес 100 сая ам.долларын өрөнд орж байлаа.

Ингээд харвал бид баялагийнхаа хэдэн хувийг эзэмшиж байгаа вэ? Бид "БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ" мөнүү? Эсвэл тэр баялаг нь гадны ГАРТ байна уу? 

 

Таны сурталчилгаа