Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах үүрэг бүхий түр хорооны өнөөдрийн (2023.01.09) хуралдаан 14 цаг 25 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Хянан шалгагч, шинжээчийн ажиллах хугацааг сунгах тухай Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжлээ.

Уг тогтоолын төсөлд Монголбанкны ахлах хянан шалгагч О.Оргилмаа, Монголбанкны хянан шалгагч О.Лхагвадорж, Үндэсний аудитын газрын ахлах аудитор Б.Эрдэнэбат, Үндэсний аудитын газрын ахлах аудитор Б.Хишигтогтох нарыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны шинжээчээр ажиллах хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгаж, тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байв.

Хуралдааны төгсгөлд 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны хооронд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын зохион байгуулалтын асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Д.Батлут, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганибал нар асуулт асууж, үг хэлсэн.

Гишүүдийн зүгээс парламентын түүхэнд анх удаа нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулж, гэрчээс мэдээлэл авах гэж байгаа тул шударга, ил тод байхад анхаарах, Түр хорооны гишүүдийг мэдээллээр бүрэн хангаж, мэдээлэлтэй танилцах хугацааг олгох, цаашлаад хөгжлийн банкнаас төрийн өмчит компаниудын авсан зээлийн үр өгөөж, эргэн төлөлтийг нягт нямбай шалгах, эл асуудалд олон улсын хөндлөнгийн аудит оруулах талаар хөндөж, санал солилцсон. Мөн Түр хорооны дарга Б.Энхбаяр, бид ард түмний төлөөллийн байгууллага. Иймд Түр хорооны гишүүд 100 хувийн ирцтэйгээр нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд хариуцлагатай, ажил хэрэгч оролцох үүрэгтэй гэдгийг онцгойлон анхаарууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны сурталчилгаа