Өнөөдөр /2023.01.12/ Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал, Д.Эрдэнэсувд нараар ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсэг Төрийн ордноос мэдэгдэл хийлээ.
Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч И.Мөнхжаргал, Д.Эрдэнэсувд нар оролцлоо.
Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал хэлэхдээ, “Ардчилсан намын Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдаад хоёр сарын хугацаанд ажиллаж тодорхой зөвшилцөлд хүрсэн. Иймд дараах мэдээллийг өгч байна.
НЭГДҮГЭЭРТ: Ардчилсан намын Зөвшилцлийн ажлын хэсгээс 2024 оны парламентын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг намын анхан болон дунд шатны гишүүдээр хэлэлцүүлж социологийн судалгаан дээр үндэслэн хамтарч нэр дэвшигчээ тодруулахаар тогтлоо.
ХОЁРДУГААРТ: Ардчилсан намын бүтэц зохион байгуулалтыг намын Үндсэн дүрэмд нийцүүлж хамтарч зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
ГУРАВДУГААРТ: Ардчилсан намын дэргэдэх олон нийтийн байгууллагуудыг нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо.
ДӨРӨВДҮГЭЭРТ: Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох ҮБХ-ны гишүүдийн ээлжит ротацийн сонгуулийг хамтран зохион байгуулж, төлөөллийн төв байгууллагыг бүрэн бүтэн болгох тал дээр хамтарч ажиллахаар шийдвэрлэлээ.
Ингээд Зөвшилцлийн ажлын хэсгээс Ардчилсан намын эв нэгдлийн ажил маш ахицтай явж байгааг та бүхэнд мэдээлэхэд таатай байна” гэлээ.
Харин Зөвшилцлийн ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэсувд хэлэхдээ, “Зөвшилцлийн ажлын хэсэг өчигдөр /2023.01.11/ эв нэгдлийн ажлын хэсгийг байгуулсан УИХ-ын гишүүдийн хүсэлтээр уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтын үеэр ҮБХ-ны хуралдааныг хамтран зохион байгуулах санал ирүүлсэн. Зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд бид уг ажлын хэсэгт УТН-ын тухай хууль болон Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд хамтарч ажиллая гэсэн саналыг тавьсан. Энэ саналыг тавих үндэслэл нь 2022 оны гуравдугаар сарын 31-нд Монгол Улсын Дээд Шүүхээр Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлсэн. Энэ бүртгэгдсэн Үндсэн дүрмийн хүрээнд Ардчилсан намын ҮБХ нь хурлыг ээлжит болон ээлжит бус хуралдааны хэлбэрээр хуралдах бөгөөд хуралдааныг Намын дарга эсвэл ҮБХ-ны дарга зарлан хуралдуулдаг. Үндсэн дүрмийн энэ заалтын хүрээнд хамтарч ажиллах санал тавьсан. ҮБХ-ны гишүүн гэдэг бол татвараа төлсөн, саналын эрхтэй гишүүд хуралдаанд оролцон шийдвэр гаргаж Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй байдаг. Тиймээс саналын эрхтэй ҮБХ-ны гишүүдийн хүрээнд ҮБХ-ны хуралдааныг дүрмийн дагуу зохион байгуулж ажиллая гэсэн саналыг тавьсан. Өчигдрийн уулзалтаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулаагүй ҮБХ-ны хурал гэх энэ хуралд Зөвшилцлийн ажлын хэсэгт оролцож байгаа саналын эрхтэй ҮБХ-ны гишүүд оролцохгүй гэдгийг бид албан ёсоор УИХ-ын гишүүдэд мэдэгдсэн байгаа. Иймээс саналын эрхтэй ҮБХ-ны гишүүддээ Зөвшилцлийн ажлын хэсгээс дүрмийн бус ямарваа нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж мэдэгдэл хүргүүлсэн” гэлээ.