УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбатаас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
АН-ын ҮБХ-ны хурал өнөөдөр хуралдлаа. Хурлаар ямар асуудлуудыг авч хэлэлцсэн бэ?
Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан 70 гаруй хувийн ирцтэйгээр таван цаг гаруй хуралдлаа.
Гишүүд хуралдаандаа өндөр идэвхтэй оролцож, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж, Улсын Дээд шүүхийн бүртгэлийн журмын өөрчлөлт ба зохицуулалтын талаар мэдээлэл сонслоо.
Мөн Зөвшилцлийн ажлын хэсэг тайлангаа тавьсан.
Зөрчилдөж буй талууд зөвшилцөлд хүрснээр аливаа маргаан эцэс болсон гэж ойлгосон. Цаашид хэрхэн хамтарч ажиллахаар төлөвлөж байна вэ?
Бид маргаандаа эцэс тавьж, Үнэт зүйл Үзэл баримтлал дээрээ нэгдэх дээр санал нэгдсэн. Маргааш буюу нэгдүгээр сарын 13-ний өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба Тэгш бус байдлыг арилгах нь үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Нийтдээ 1000 орчим гишүүд маань хүрэлцэн ирж, улс орны өнөөгийн байдал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ.
АН-аас УИХ-д сонгогдсон зарим гишүүн ҮБХ-ны хурал зарлаад байгаа. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?
Энэ мэт дүрмийн бус үйлдлүүдээ таслан зогсооно гэж найдаж байна. Ямар ч эрх зүйн чадамжгүй, үр дүн гаргах боломжгүй хурал хийж намаа хагалах үйлдэл хийхгүй байх гэж бодож байна.
Тэд 2017 оноос хойш ҮБХ-ны гишүүнээр сонгогдож байсан бүх хүмүүсийг хуралдаа оролцохыг урьсан байсан. Ийм бүрэлдэхүүнтэйгээр хуралдах боломжтой юу. Эндээс гарсан шийдвэрийг албан ёсны гэж үзэх эрх зүйн боломж бий юу?
Ямар ч боломжгүй шүү дээ. Жишээлбэл, 2012-2016 оны УИХ-д сууж байсан, бүрэн эрх нь дуусгавар болсон гишүүд одоогийн УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно, хууль батлалцана гээд дайраад байж болохгүй шүү дээ. Тийм эрх зүйн боломж ч байхгүй. Түүнтэй адил АН-ын ҮБХ-ны гишүүд Эргэлтийн сонгуульдаа өрсөлдөж, гишүүдийнхээ саналаар сонгогддог сонгуульт албан тушаалтан. УИХ-ын гишүүний адил тодорхой хугацааны дараа бүрэн эрх нь дуусгавар болдог. Тэр бүх хүмүүсийг цуглуулж хуралдана, түүнээсээ албан ёсны шийдвэр гаргана гэдэг туйлын ойлгомжгүй бүдүүлэг, хууль дүрмийг уландаа гишгэсэн хэрэг болно.