Улсын Их Хурлын чуулганы (2023.01.12) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаас төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг Ажлын хэсэгт өгсний дагуу дахин боловсруулж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулан, санал хураахад тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа дурдлаа.
Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авав. Тэрбээр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны асуудлыг нягтлан шийдэх шаардлагатай байгааг тэмдэглэж, ноогдол ашгаар байгуулагдсан бүтээн байгуулалтын хувьцааг иргэдийн хувьцаанд шингээж эзэмшүүлэх арга хэмжээг авах, цаашид иргэдийн хувьцааны ноогдол ашгийн зарцуулалтыг ил тод болгох хэрэгтэй гэсэн юм. Төрийн өмчит хувьцаат компанийн менежментийг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэйг ч дурдав. Түүний асуултад хариулахдаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, иргэдийн 1072 хувьцаа бирж дээр бүртгэгдэж, эдийн засгийн эргэлтэд орсноор "Эрдэнэс Тавантолгой" ХК нээлттэй, олон нийтийн хяналттай компани болно хэмээн хариуллаа.
Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гишүүн О.Цогтгэрэл нар Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас яаралтай өргөн мэдүүлэх талаар анхааруулав.
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.