Улсын Их Хурлын чуулганы (2023.01.12) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 10-нд өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулсан. Хуулийн төсөлд, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан тохиолдолд ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсвэл дадлагажихад нь зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой эрхээ Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу шилжүүлэх харилцааг зохицуулахаар заасныг сайд Т.Аюурсайхан илтгэлдээ дурдлаа.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, С.Одонтуяа, Б.Бейсен нар асуулт асууж, санал хэлснийг дурдав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ш.Адьшаа, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар асуулт асууж хариулт авлаа. Гишүүд, энэхүү хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцааг төлбөр хөнгөлөхөөс өөрөөр шийдвэрлэж боломж байсан эсэх, гадаадад зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэдийг албан ёсны зөвшөөрөлтэй болгох чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа болон дотоодын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал, эрэлт, нийлүүлэлтийг судлах, тулгамдсан асуудлууд, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар тодруулга авсан юм.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхээр санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.