Цаг үеийн мэдээ

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл (2023.01.12) хуралдлаа.

Хуралдааны эхэнд Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий календарчилсан төлөвлөгөөний төслийг батлав. Төлөвлөгөөнд зөвлөлдөх санал асуулгын үе шат бүрийг зохион байгуулах хугацааг товложээ.

Дараа нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.13 дахь хэсэгт “Зөвлөлдөх зөвлөл асуудлын хамрах хүрээ, ач холбогдлоос хамаарч шаардлагатай гэж үзвэл зөвлөлдөх санал асуулгын асуулт, зөвлөлдөх санал асуулга явуулах зохион байгуулалт, үйл явц энэ хуульд заасан зарчим, журмын дашуу явагдсан эсэх, маргаантай холбогдсон асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий техникийн хяналтын комиссыг ажиллуулж болно” гэж заасны дагуу Зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссыг байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж, тус комиссын ажиллах журмыг баталлаа.

Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Зөвлөлдөх санал асуулгын асуултын анхны төслийг боловсруулах ажлын зохион байгуулалт байлаа. Зөвлөлийн гишүүд ажлын таван дэд хэсэгт оролцож ажиллахаар болов. Нийгмийн хүрээ, иргэний нийгэм, эдийн засаг, соёлын эрх, иргэний хяналт, оролцооны чиглэлээр ажиллах ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Мандхайхатан, Эдийн засаг, баялгийн шударга хуваарилалтын чиглэлээр ажиллах ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Б.Отгонтөгс, Үндэсний аж үйлдвэр, төвлөрлийг сааруулах, эдийн засгийн либералчлалын чиглэлээр ажиллах ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн О.Амартүвшин, Парламентын ардчилал, хууль дээдлэх ёсны чиглэлээр ажиллах ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн О.Мөнхсайхан, Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, шударга ёсны тогтолцооны чиглэлээр ажиллах ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн С.Эрдэнэбат нар тус тус ахалж ажиллахаар болов. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд тус бүр гурваас доошгүй ажлын дэд хэсэгт холбогдох асуудлаар асуултын томьёолол бэлтгэж хүргүүлэхээр тогтлоо.

Түүнчлэн, дээр дурдсан таван чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудаас цахимаар нээлттэй санал авахаар тогтлоо. Иргэний нийгмийн байгууллагууд саналаа [email protected] цахим хаягаар Зөвлөлдөх зөвлөлд ирүүлэх юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны сурталчилгаа