Эх нутаг, түүх, ёс заншил, өв уламжлалаа дээдэлдэг Манхан сумынхан түүхт 100 жилийн ойн босгон дээр олон бүтээлч ажлыг өрнүүлж байгаагийн нэг нь тус сумын Зэрэг гол багийн нутагт төрж өссөн хөдөлмөрч хичээнгүй ард иргэд, тэдэнтэй ажил үйлс сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг хүмүүс нэгдэн (өвлийн дунд сарын 60 хоногийн өнгийг тодорхойлох цагаан морин өдөр) Тэмээний баяр зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь тэмээгээр нүүдэллэх ёс заншилаар эхэлсэн юм.
Зэрэг гол багийн гурван малчин өрх Тооройн элс хэмээх газраар нүүдэл хийсэн бөгөөд арагт хүүхдээ суулгаад, ачаатай тэмээ хөтлөн яваа малчдыг харсан ойролцоох нутгийн малчид домботой цай, тавагтай идээгээ барьсаар нүүдэл тослоо.
Манхан сумын малчид эрт үеэс зүг бүрээс тэмээгээ хураан, Зэрэг гол багийн нутаг, Тооройн элсний ойролцоох чулуун овоог тойрон цуглаж, тэмээний тухай ерөөл магтаал хэлэлцэн, нутаг ус, овооны их сан, малын сан тавьж, ном хурсаар иржээ.
Энэ жилийн тухайд овооны урд талд гал асааж, сумын соёлын төвийн ажилтан, ахмад тэмээчид алтай магтаал, тэмээний ерөөл зэргийг хэлж, морин хуурын аялгуу эгшиглүүлсэн бөгөөд тус сумын хамба лам ном айлдах явцад малчид тэмээгээ хөтлөн овоог тойров. Мөн 5-6 буур овоонд шавуулж ариулах, тойруулах гэх мэт зан үйлийн шинжтэй үйл ажиллагаа өрнөлөө.
Манхан сум бол Ховд аймагтаа хамгийн олон тэмээ (3000 гаруй тэмээтэй) тоолуулдаг сумдын нэг юм. Уур амьсгалын өөрчлөлт, нутгийн онцлогоос шалтгаалан Манхан сумын малчид тэмээн сүргийг түлхүү өсгөн үржүүлж иржээ. Улмаар тэмээний уралдаан, тэмээтэй сайхан хос шалгаруулах тэмцээн зэргийг жил бүр зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ Манхан сумын малчид нэгдэн “Их уулсын хүрэн” тэмээчдийн холбоог байгуулж, тэмээг уналга эдэлгээнд зөв сургах, эрт дээр үеэс хэрэглэж ирсэн тэмээний тоног хэрэглэлийг бүрэн хэрэглэж хэвшүүлэхэд чиглэсэн ажлыг үе шаттай өрнүүлж байгаа талаар иргэд ярьж байна.