Улсын ерөнхий прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт явцын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од: "АТГ, Цагдаагийн байгууллага хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар Хөгжлийн банктай холбогдуулан 43 хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан. Үүнээс 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Нийт 463 хавтаст хэрэгт зургаан прокурор зэрэгцэн хяналт тавьж, 115750 хуудастай хэргийг хянасан. Хянахдаа 72 хүн, 3 хуулийн этгээдийг холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан.
Прокуророос 1270 хуудастай ял унших тогтоол гарсан. Хөгжлийн банкны хэрэгт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах, хахууль авах, өгөх, нотлох баримт хуурамчаар үйлдэх, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах, худал мэдүүлэх гэмт хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан 1012 хуудастай прокурорын яллах дүгнэлтийг 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд үйлдсэн. Гэмт хэрэгтэй холбогдуулан 18 иргэн, 20 ААН-ийн 277 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 7 иргэн 7 ААН-ийн 136 тээврийн хэрэгсэл, 16 иргэн 23 ААН-ийн арилжааны банкууд дахь харилцах, хадгаламжийн данс, 30 ААН-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан. Мөн 4 ААН, 6 иргэний 33 үл хөдлөх хөрөнгө, 13 тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм, 2 үйлдвэрийн тоног төхөөрөмжийг битүүмжилсэн" гэв.