Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.01.19/ хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хэлэлцэх асуудлын тов, дарааллыг харгалзахгүйгээр Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх захирамжийг Улсын Их Хурлын дарга гаргасныг Байнгын хорооны дарга хуралдааны эхэнд мэдээлсэн.
Хуулийн төслийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.
Тэрбээр, Технологийн хөгжилтэй зэрэгцэн бидний өдөр тутмын амьдрал цахим орчин, олон нийтийн сүлжээнд өрнөх болж, худалдаа наймаагаа хийх, мэдээлэл солилцох, үзэл бодлоо илэрхийлэх, хуваалцах зэрэг явдал нь ердийн үзэгдэл болж хэвшсэн байна. Технологийн дэвшил нь мэдээлэл, бараа, үйлчилгээ солилцоонд өндөр хурд авчирч, холыг ойртуулж, хоёрыг уулзуулж байгаа хэдий ч үүнийг дагасан сөрөг үр дагавар, аюул эрсдэл үүсгэж байна.
Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо, хохирол асар хурдацтай өсөн нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагын мэдээллээр зөвхөн 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн 8,563 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Ганцхан жилийн дотор цахимаар залилах гэмт хэрэг 99.8 хувиар буюу 2 дахин, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 70.7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 37 хувиар, хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 18.5 дахин, бусдын эд хөрөнгийн авахаар заналхийлэх гэмт хэрэг 8.9 дахин өсжээ. Энэ бүх тоо статистикийг дурьдаад өнгөрөх нэг хэрэг. Нугарч өссөн тоо хэмжээ, хувь бүрийн цаана монгол хүний амьдрал, хувь заяа, амь нас, эрүүл мэнд, хүүхдийн ирээдүй, насан туршид нь үл арилах сэтгэлийн шарх, гэмтэл үлдэж хоцорно.
Зөвхөн өнгөрсөн 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.
Цахим орчин дахь гэмт хэрэг огцом хурдан өсч байхад түүнээс урьдчилан сэргийлэх, шийдвэртэй тэмцэх ажил удаан байна, хуучинсаг байна. Шинэ орчны гэмт хэрэгтэй шинэ орчинд нь тэмцэхгүй бол хурдан машинтай малын хулгайч нарыг мориор хөөхтэй зарчмын хувьд ялгаагүй.
Олон талын хүчин зүйл бий ч бүгдийг нь биш үндсэн гол гурван шалтгааныг онцлон хөндье: Үүнд:
Нэг. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчингүй. Олон нийтийн сүлжээний талаар төрөөс баримтлах бодлого тодорхойгүй. Гэмт хэрэгтэй тэмцэх хүний нөөц, техник, технологийн боломж муу. Уламжлалт бус орчинд гарч байгаа гэмт хэрэгтэй уламжлалт аргаар тэмцээд үр дүнгүй. Дэлгэцийн цаанаас өндөр хурдаар тархааж, өргөн олон хүнийг хамарч, үндэстэн улсаар нь хохироодог нарийн заль мэх, арга технологи ашигласан гэмт хэрэгтэй өндөр хурдтай, үр дүнтэй тэмцэхийг нөхцөл байдал шаардаж байна. Технологи ашигласан гэмт хэрэгтэй технологи ашиглаж тэмцэхийг цаг үе Та биднээс шаардаж байна.
Хоёр. Хэрэглээнд өргөн хүрээнд нэвтэрсэн Фэйсбүүк гэх мэт олон нийтийн сүлжээ эрхлэгчтэй харилцан ойлголцох, хамтран ажиллах нөхцлөө тохирч чадаагүй, зөрчилтэй контент гэж юуг хэлэх, хэрхэн тэмцэх талаар ойлголтын эрс зөрүүтэй явж ирсэн. Монгол Улсаас янз бүрийн байгууллагууд, иргэд хүний эрхэнд халдсан, гэмт хэрэг өдүүлсэн мэдээллийг устгуулахаар хандахад 18 хувь буюу 5 тохиолдлын зөвхөн 1-ийг нь шийдвэрлэсэн байна. Харин ийм хуультай, цахим орчинд хүний эрхийг хамгаалж чаддаг Герман улсад энэ үзүүлэлт 95 хувьтай байна. Хэн ямар байгууллага үйлчилгээ эрхлэгчтэй харилцах, зөрчилтэй контентыг илрүүлж, нотлон мэдээлэх нь тодорхойгүй. Анагаах ухаанаар бол олон хүнийг хохироох халдварт өвчинтэй тэмцэх түргэн тусламж, оношлох, тусгаарлах арга хэмжээ эрс үгүйлэгдэж байна.
Гурав. Иргэдийнхээ цахим мэдлэг боловсролд анхаараагүй, зохистой хэрэглээг төлөвшүүлээгүй, хуурамч мэдээлэл, зохион байгуулалттай, тодорхой зорилготой нөлөөллөөс өөрийгөө хамгаалах дархлаа муу зэргээс болсон байна. Эцэг эхчүүдий 95 хувь нь хүүхдээ цахим гэмт халдлагаас хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байна. Хүүхэд биеэрээ эцэг эх, багшийнхаа хараа хяналтанд, хажуу дэргэд, гэр орондоо байлаа ч оюун санаа, эрх чөлөөнд нь хэн ч хаанаас халдаж болдог хил хязгаар, хаалга үүдгүй шинэ орчинд амьдарч байна.
Иймд олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ялгаварлан гадуурхалд өртдөггүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ баталгаатай эдэлдэг байх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсрууллаа. Мөн түүнчлэн олон нийтийн сүлжээнд үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөрчилтэй контентыг нэн яаралтай тодорхойлох, олж илрүүлэх, таслан зогсоох, цахим гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн үндсийг тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх нь энэ хуулийн зорилго мөн гэлээ.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар хүний захидал харилцааны нууцад халдахгүй. Олон нийтийн буюу 3 ба түүнээс дээш хэрэглэгчтэй цахим сүлжээнд нийтэд хүний эрхэнд халдсан, гэмт хэргийн шинж бүхий сөрөг агуулгатай контент нийтлэх, түгээх харилцаанд хамааруулж зохицуулсан. Хэрэглэгчийн эрх үүрэг, хүний эрхийг зөрчсөн, гэмт хэргийн агуулга бүхий контенттой тэмцэх тогтолцоог тогтоож өгчээ.
Олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлж байгаа этгээд гэж хэнийг хэлэх, ямар эрх, үүрэгтэй байх, зөрчилтэй контенттой холбогдуулан хэрэглэгчээс ирсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх, хэрэв Монгол Улсаас бүртгэлтэй 300,000 буюу түүнээс дээш тооны хэрэглэгчтэй бол төлөөлөгчийн газар нээж ажиллуулах, хэрэглэгчийг баталгаатай утасны дугаар, эсхүл цахим шуудангийн хаягаар баталгаажуулан бүртгэх, зөрчилтэй контентын талаарх олон нийттэй харилцах нэгжийн хүсэлт, шийдвэрийг хүлээн авч, 7 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй болохыг тусгасан байна.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нь төр дангаар хийж хүчрэх ажил биш. Тиймээс технологийн салбарын мэргэжлийн шинжээч, судлаачид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссын идэвхтэй оролцох өргөн бололцоог хуульчлан баталгаажуулах юм байна.
Зөрчилтэй контентийг хянан шийдвэрлэх, олон нийтийн сүлжээний эрхлэгчтэй хамтран ажиллах нэгж байна. Хүний эрхийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй контентыг 24 цагаар тасралтгүй илрүүлж, оношлон тодорхойлж, нэн яаралтай горимоор сүлжээ эрхлэгчид нотлон мэдээлэх үүрэгтэй ажиллах юм байна. Уг нэгжийг улсын төсөвт нэг ч төгрөгийн нэмэлт зардал гаргахгүйгээр Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн бүтцэд багтаан байгуулахаар хуулийн төслийг боловсрууллаа. Засгийн газрын яамд, холбогдох байгууллагуудаас санал авч, төсөл боловсруулах ажилд оролцоог нь ханган ажилласан аж.
Түүнчлэн хувь хүний хуулиар тогтоосон алдар нэрийг хүндэтгэх зарчмыг бэхжүүлэх үүднээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хүний хувийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд хүргэхдээ мэдээллийн эзэнд нь мэдэгдэл хүргэх зарчмыг баримталж, нийтийн албан тушаалтан төрийн байгууллага хувь хүний мэдээлэлд хүндэтгэлтэй хандах, ямарваа байдлаар олон нийтийн сүлжээнд дэлгэдэг зохисгүй байдлыг бүрмөсөн хориглох болно. Үүний эхлэл болгож татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгаа бөгөөд, удаа дараа татварын зөрчил гаргасан хүний хувьд тухайн хүнд нь мэдэгдэл хүргэсэний үндсэн дээр зөвхөн нэр, татвар төлөгчийн дугаар, зөрчлийн мэдээллийн хамт олон нийтэд нийтэлж, мэдээлж болох тухай агуулгуудыг тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.