Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2023.01.19) 13 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов. 

Хуралдааны эхэнд Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөлд дотоодын цэргийн байгууллага гэдгийг төрийн цэргийн байгууллага гэж тодорхойлсныг тодруулав. Хууль санаачлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өгсөн тайлбартаа, дотоодын цэргийн байгууллагыг төрийн цэргийн байгууллагын ангилалд оруулсан, уг зохицуулалтыг Дотоодын цэргийн тухай хуульд оруулж байгаа гэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны сурталчилгаа