Цаг үеийн мэдээ

Муу нэртэй, луу данстай гэж үг бий. АН муу нэртэй С.Эрдэнэ гэдэг даргатай байгаад, луу данстай болж, Лу.Гантөмөрийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд материалаа өглөө. АН-ын ҮБХ-ны 293 гишүүн хуралдаж, УДШ-д бүртгэгдсэн дүрмийн өөрчлөлтийн дагуу луу данстай болохоор Лу.Гантөмөрийг 152 саналаар сонгосон юм. Лу.Гантөмөртэй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, авлига авсан, албан тушаалын давуу байдлаа ашигласан гэмт хэргүүд бүх шатны шүүхээр шийдэгдсэн ч яагаад, ямар баримт нотолгоогоор хэрэгсэхгүй болсон бэ? гэдэг нь одоо хүртэл нууц байгаа С.Баярцогт өрсөлдөж ялагдсан.  

 Лу.Гантөмөр АН-д эвийн цавуу болно гэж мэдэгдэж байтал  С.Эрдэнэ вангийн хошуу ноёны угсаа залгамжлуулан, өөрийн хойд дүрийг тодруулах цахим сунгааг энэ сарын 28-нд зарлаад байна. С.Эрдэнэ тамга тэвэрч хэвтэж байгаа болохоос нэр төр, хүнд, итгэл дэмжлэг, алга таших гишүүд алга. Цэрэггүй генерал, намгүй тамганы эзэн С.Эрдэнэ бэлгэдэл болгож тамгаа өгснөөс бус сонгуульд ялагдсан тул дүрмээрээ эрх, үүргээ шилжүүлж, аль хэдийнээ намын дарга биш болсон юм. Намгүй тамга, тамгагүй нам байх уу, тамгатай нам болох уу? гэдэг салаа замын уулзвар дээр АН ирээд байна. АН-д цавуу хэрэгтэй юу, цав хэрэгтэй юу? Сөрөг хүчин байхгүй болсноос ард олны уур хилэн талбай дээр оволзож, эрх баригч намынх нь дарга өөрөө шүгэл үлээн, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсээр байх уу?  

Таны сурталчилгаа