Хүн төрөлхтөн соёл иргэншилтэй болсон цагаас эхлэн урлаг ч мөн үүссэн гэж үздэг. Эртний Грек, Ромд анх үүссэн театрын урлаг өдгөө олон зуун жилийг өртөөлөн туулж олон улсад илүү шинэ түвшинд, илүү өвөрмөцөөр оршин тогтнож байна.
Театр гэсэн үг нь эртний Грекийн “Үздэг байр” гэсэн үгнээс гаралтай .
1961 онд Франц улсын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгээ тоглож өвөрмөц сайхан баяр болсон аж. Наадамд оролцогсод “Эв нэгдэл харилцан ойлголцол, энх тайван” уриа дор нэгдэж, жил бүрийн 03 дугаар сарын 27-ны өдрийг Дэлхийн театрын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн түүхтэй.
Монгол Улсад 1990 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд тухайн жилдээ туурвисан шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж үзэсгэлэн, уралдаан наадам зохион байгуулж, театрт дуртай хүн бүрийн хүсэн хүлээдэг өвөрмөц нэгэн баяр болсон билээ.
Тэгвэл энэ жилийн Дэлхийн театрын өдөр нь оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг Мөнгөн мод-2022 ёслолын ажиллагаатай давхцаж байгаагаараа онцлог болж байна.