Монгол орон даяар "ЦАГ ГАРГАЯ" үндэсний арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Монголын явган алхалтын холбооны гишүүдийн зүгээс сайн дурын нэгэн сонирхолтой хөтөлбөрийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хэрэгжүүллээ. Энэ бол цахилгаан шат хүлээж байгаа иргэдэд зориулж "Явган алхалтын ач холбогдлын талаар мэдээлэл, нөхөрсөг зөвлөгөө" өгөх үйл явдал байлаа. Монголын Явган Алхалтын Холбооны гишүүд оффис, орон сууц, дэлгүүр, үйлчилгээний төвүүдээр зочилж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгснөөр явган алхах сэдэл өгч, тэдний эрүүл мэндэд бага боловч хувь нэмрээ оруулсанд хүн бүр таатай сайхан хандаж байлаа.
Ялангуяа оффисын ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд өдөрт дунджаар 10-15 минутыг цахилгаан шатанд зориулдаг гэсэн судалгаа байдаг. Нөгөө талаар оффисын ажил хийдэг хүмүүс бичиг цаасанд дарагдаж, ихэнх цагаа бичгийн ширээний ард, компьютерын өмнө ажиллаж, хөдөлгөөн багатай өнгөрүүлдэг. Үүнээс улбаалж хөдөлгөөний дутагдалд орох, хүзүү чилэх, нуруу хөших, гар бадайрах, суудлын өвчин тусах, илүүдэл жинтэй болох, мөн хөдөлгөөний хомсдолын улмаас олон төрлийн өвчин эмгэгт нэрвэгдэж болох суурь нөхцөл бүрддэг.
Тэгвэл? ажлын байран дээрх хамгийн энгийн бөгөөд хялбар төдийгүй дасгал хөдөлгөөнийг дэмжих арга бол цахилгаан шатнаас аль болох татгалзаж, явган шатыг ашиглах явдал бөгөөд энэхүү дадал хэвшлийг бага багаар бүрдүүлэх чухал юм.
Алхалтыг дэмжих 2х2 дүрэм буюу ялангуяа бид дээшээ 2 давхар өгсөх эсвэл доошоо 2 шат буух гэж байгаа бол лифт хүлээж цагаа үрэхийн оронд явган шатыг ашиглачихдаг байх нь эрүүл мэндэд тустай. Эрүүл мэнддээ ч, экологи, эрчим хүчинд ч хэрэгтэй сонголт байх болно. Хүний биеийн булчингийн 93 хувийг явган алхалтаар ажиллуулж, цусны эргэлтийг сайжруулж, ажлын бүтээмжээ нэмж, бүтээлч сэтгэлгээгээ өсгөж, стрессээ арилгах гээд олон давуу талууд бүрдэх болно.