“Хүрээ ротари” клубээс санаачлан Rotary Club of Tokyo-Arakawa, Asahikawa Morning, Ulaanbaatar Khangarid зэрэг найман клуб, дүүрэг хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнд хандивлаж буй 74,600 ам.долларын өртөг бүхий түрүү булчирхайн өвчлөлийн оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн шинэ лазер тоног төхөөрөмжийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-андрологийн төвд гардууллаа.
Энэ үеэр Урологи-андрологийн төвийн эрхлэгч Д.Баян-Өндөр “Манай эмнэлэгт түрүү булчирхайн хортой хавдрын тохиолдол жилдээ 1-2 л бүртгэгддэг байсан бол 2022 онд 17 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдөр хүлээн авч буй энэхүү аппаратын тусламжтайгаар эдийн шинжилгээг оновчтой авах боломж нээгдэх юм. Өмнө нь мэс засал хийх үед бөөр, шээсний замын чулууг хараад буталж чадахгүй, гадны оронд очиж эмчлүүлэх шаардлагатай гэж өвчтөндөө хэлэх хамгийн хэцүү байсан бол бид өнөөдөр дээрх эмчилгээг эх орондоо нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Ротаричуудын хэрэгжүүлсэн төслийн үр дүнд эмчилгээг улам төгөлдөр болгох шинэ тоног төхөөрөмжтэй болсондоо баяртай байна. Энэхүү шинэ аппаратын тусламжтайгаар энэ төрлийн эмчилгээ, оношилгоог ард иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх, гадагш гарах урсгалыг зогсоох бүрэн боломжтой боллоо” гэв.