Цаг үеийн мэдээ

Солонгос Монгол багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн бага ангийн багш Г.Мөнхжаргал, Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн бага ангийн багш Р.Угтахбаяр нар БНСУ-ын Ёо-Су хот дахь Гванги бага сургуульд ажиллаж байна. 

-Багш нар сурагчдад “Монгол орны түүх соёл”-ыг таниулах ажлын хүрээнд Монгол орны түүх соёл, Үндэсний хувцас, Шагайн наадгай гэсэн сэдвүүдийн хүрээнд 7 хоногт 12-16 цагийн хичээл заахаас гадна дуу хөгжим, биеийн тамирын хичээл мөн оньсон тоглоом заахаар бэлдэж, Солонгос багш нартай хамтран арга зүйгээ төлөвлөж, боловсруулжээ. 

-Мөн лхагва гараг бүрт сонгон судлах цагаар сурагчдад монгол үсэг, тоо, дуу зааж байгаа бөгөөд сурагчид сурсан дуугаа сургуулийн тайлант цаг дээр дуулахаар бэлдэж байгаа гэнэ. 

-06 дугаар сарын 07-ны өдөр урт хугацааны завсарлагааны 40 минутаар “Сүүтэй цай” үйл ажиллагаа зохион байгуулж монголын цагаан идээ болох ааруул, сүүтэй цайг сурталчилж, амтлах боломжийг бүрдүүлж өгчээ. Мөн багш нарын хичээл сургалтын үйл ажиллагаанд сууж туршлага арга зүйгээ хуваалцаж 5 дугаар ангийн сурагчидтай сурагчдын зохион явуулдаг үйл ажиллагааны тухай ярилцаж, санал бодлоо солилцжээ. 

-Багш нар Ёо-су хот дахь 4 бага сургуулийн нийт 253 сурагчдад “Монгол орны түүх соёл”-ын тухай хичээл зааж байгаа бөгөөд цаашид 2 бага сургуулийн 10 бүлэгт “Монгол орны түүх соёл”-ын тухай хичээл заахаар бэлтгэж байна.

Таны сурталчилгаа