Бүгд Найрамдах Солонгос Улсын Аюулгүй байдал, дотоод хэргийн яамны харьяа Үндэсний Шүүх шинжилгээний хүрээлэнгийн захирал Пак Нам Кю болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат нар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, шүүх шинжилгээний салбарт хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагаагаа бататгалаа.
“Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд шинжилгээний лабораторийн чанарын удирдлага, чадавхыг сайжруулах, шинжилгээний сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи, арга аргачлалыг нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, шинжээчдийг сургаж мэргэшүүлж, дадлагажуулах зэрэг хамтын ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм.