Цаг үеийн мэдээ

МУИС-ийн Биологийн тэнхимийн багш профессор Б.Оюунцэцэгийн туурвисан “ILLUSTRATED FLORA OF MONGOLIA” номын нээлт 2023 оны 07-р сарын 05-ны өдөр МУИС-д боллоо. Номын нээлтийн ёслолд МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны Байгалийн нөөц удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг хамтрагч байгууллага Солонгосын Үндэсний Арборетум (Korea National Arboretum), МУИС болон Монгол, Солонгосын эрдэмтэн, судлаачид оролцлоо. 

Энэхүү бүтээл нь Монгол орны гуурст ургамлын 100 овог, 455 төрөл, 1159 зүйлийн фото зураг, зүйлийн товч бичиглэл, ерөнхий тархалт, ургах орчны мэдээллийг багтаасан байна. ILLUSTRATED FLORA OF MONGOLIA ном нь Монгол орны ургамлын аймаг, гуурст ургамлыг сонирхон судалж буй залуу судлаачид, олон нийтэд Монгол орны ургамлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Уг номыг бүтээхэд гар бие оролцсон БНСУ-ын Чангвон Их Сургуулийн профессор Чой Хёок Жэе-д Монгол орны байгаль орчин, ургамал судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн тушаалаар “Байгаль орчны Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав. Тэрээр 2016 оноос хойш Монгол орны ургамлын аймгийн судалгааны багт Солонгосын талын судлаачдын багийн удирдагчаар ажилласан юм.

Таны сурталчилгаа